Абэ Шинзогийн амийг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов
Ямагами Тэцүя шүүх хуралд ирж буй нь. © Kenichi Unaki/The Yomiuri Shimbun/AP Photo

Абэ Шинзогийн амийг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов


   Японы Нара хотын тойргийн шүүх 2022 оны долоодугаар сард ерөнхий сайд Абэ Шинзогийн амийг хөнөөсөн Ямагами Тэцүяад бүх насаар нь хорих ял оноолоо. Ялыг прокурор санал болгосон бөгөөд уг аллагыг “дайны дараах түүхэнд гараагүй жигшүүрт хэрэг” хэмээн тодотгоод “олон нийтэд туйлын муу үр нөлөө үзүүлэхүйц” хэмээн дүгнэсэн байна. Харин өмгөөлөгчид нь хэрэгтнийг “шашинтай холбоотой хүчирхийллийн золиос болсон, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа” хэмээн ялыг дээд тал нь 20 жил болтол бууруулахаар чармайж байжээ. “Kyodo“ агентлагийн мэдээлснээр, шүүхийн тогтоол уншихыг сонсох гэж хурлын гадаа 700 гаруй хүн дугаарлан зогсож байсан бөгөөд танхимд оруулах хүмүүсийг сугалаагаар сонгосон гэнэ.   

   67 настай Абэ Шинзо 2022 оны долоодугаар сарын 8-нд буюу парламентын сонгууль болохоос хоёр хоногийн өмнө Нара хотод зохион байгуулсан Либерал ардчилсан намын дэмжигчдийн цуглаанд үг хэлсэн бөгөөд гэмт хэрэгтэн гар аргаар өөрөө хийж бэлтгэсэн буугаар түүн рүү хоёр удаа буудсан юм. Улмаар улс төрч цээж, хүзүүндээ хүнд шарх авч эмнэлэгт хүргэгдээд хэдэн цагийн дараа нас барсан билээ. Хэргийн газар баривчлагдсан 45 настай Ямагами Тэцүя аллага үйлдсэн шалтгаанаа, шашны бүлэглэлд хандаж байсан таагүй хандлагатайгаа холбон тайлбарлаж байв. Японы Мүүний шашны сүмд (Unification Church) эх нь 100 сая иэн (ойролцоогоор 540 мянган евро) хандивласнаас тэднийх санхүүгийн хувьд хүнд байдалд орж Тэцүя их сургуульд суралцах бололцоогүй болсноос гадна дүү нь энэ шалтгаанаар амиа хорлосон гэдэг. Тэрбээр эхлээд сүмийн тэргүүнийг хөнөөх бодолтой байсан боловч уг бүлэглэлтэй нягт холбоотой хэмээн үзсэний улмаас Абэ Шинзогийн амь насанд халдахаар шийдсэнээ мэдүүлсэн юм. 2025 оны гуравдугаар сард Токио хотын шүүх Мүүний сүмийг шашны байгууллагын ангиллаас хассан билээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.