Дональд Трамп: Гренландын иргэн бүрд нэг сая доллар
Дональд Трамп © Matt Rourke/AP Photo

Дональд Трамп: Гренландын иргэн бүрд нэг сая доллар


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Гренландын иргэн бүрд нэг сая доллар санал болгож магадгүй байгаа талаар Английн “Daily Mail” сонин өнөөдөр мэдээллээ. Гренландын асуудлаар Их Британи болон НАТО-гийн бусад холбоотнуудынхаа зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарснаар арлыг хүчээр авах санаачилгаасаа ухарсан тэрбээр иргэдийг нь худалдаж авах гэж байна хэмээн тус сонин бичжээ. “Гренландыг АНУ-д нэгтгэх саналыг дэмжсэн хүн бүрд нэг сая доллар санал болгох боломжийг Д.Трамп судалж байна” хэмээн нийтлэлд өгүүлсэн байна. Ийм мэдээллийг хаанаас олж авснаа “Daily Mail” сонин дурдаагүй аж. Гренланд арал нь автономит эрхтэйгээр Данийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд 57 мянган хүн амтай юм. Д.Трамп АНУ-ын аюулгүй байдлын үүднээс тус арлыг өөртөө нэгтгэх санаачилга дэвшүүлсэн нь олон улсад ихээхэн маргаан дэгдээгээд байгаа билээ. “The New York Times" сонины өчигдрийн дугаарт бичсэнээр бол тэрбээр Гренландын асуудлаар НАТО-той зөвшилцөлд хүрсэн бөгөөд үүний дагуу Дани улс цэргийн бааз байгуулах зориулалтаар Гренландын зарим хэсгийг эзэмших эрхийг АНУ-д олгох ажээ. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте энэ хувилбарыг дэмжсэн хэмээн “The New York Times" бичсэн байна.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.