НАТО: 12 дугаар сард Оросын 30 мянган цэрэг амь үрэгдсэн
Украины дайнд зөвхөн 2025 оны 12 дугаар сард Оросын 30 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте мэдэгдлээ. Тэрбээр Швейцарын Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр ийн мэдэгдсэн бөгөөд “12 дугаар сард оросууд өдөр тутам ойролцоогоор нэг мянган хүнээ алдсан. Шархадсан хүний тоог энд оруулаагүй. 1980-аад онд Афганистанд ЗХУ-ын амссан хохирол 10 жилд 20 мянга байв. Өнөөдөр нэг сард 30 мянга боллоо” хэмээн хэлжээ. Оросууд довтолгоогоо үргэлжлүүлж, дайралтынхаа тоог нэмэгдүүлсээр байгааг тэрбээр мөн тэмдэглэсэн байна. Түүнийхээр бол Украины хамгаалалтад Америкийн зэвсэг техник, тэр дундаа сөнөөгч онгоц дутагдаж байгаа ажээ. Америк болон Европын аюулгүй байдлын хувьд шийдвэрлэх үүрэгтэй учраас Украиныг хамгаалах нь НАТО-гийн эн тэргүүний зорилт хэмээн М.Рютте мөн хэлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Украины тусгаар байдлыг чухалчилж байгаа эсэх талаар сэтгүүлчийн тавьсан асуултад тэрбээр “Тийм” хэмээн хариулжээ.
Украины дайнд оросуудын амсаж буй хохирлын талаарх мэдээ зөрүүтэй байдаг. Дайн эхэлснээс хойшхи дөрвөн жилийн хугацаанд Москвагийн хохирол 1.15 сая, үүнээс амь үрэгдсэн цэрэг 250 мянга хэмээн НАТО 2025 оны 12 дугаар сард зарласан юм. Тэгвэл Украины тал Оросын хохирлыг 1.2 сая хэмээн үзэж байгаа ажээ. Харин Оросын Батлан хамгаалах яам хохирлынхоо хэмжээг албан ёсоор зарлалгүй удаж байгаа бөгөөд ВВС телевизийн орос хэлний редакц, эрх баригчдыг шүүмжилдэг Оросын “Медиазона” онлайн сонин хамтран, Украины дайнд амь үрэгдсэн 163 мянган орос цэргийн нэрсийн жагсаалтыг нийтэлсэн билээ.
Украины талын хохирлын тухайд мөн албан ёсны мэдээ байдаггүй. 2025 оны хоёрдугаар сард В.Зеленский энэ талаар мэдэгдэхдээ, Украины 45 мянган цэрэг алагдаж, 390 мянган цэрэг шархадсан хэмээн хэлсэн юм. Харин үүнээс хоёр сарын өмнө ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов Украины нийт хохирлыг ойролцоогоор нэг сая хэмээн мэдэгдсэн билээ. Харин нээлттэй эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулдаг “Ukranian Loses” төслийн тооцоолсноор, дайн эхэлснээс хойш Украины 177 мянган цэрэг амь үрэгдэж, 86 мянган цэрэг сураггүй алга болж, 4.4 мянган цэрэг олзлогдсон гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







