Барак Обама, Билл Клинтон нар Д.Трампын эсрэг тэмцэхийг ард иргэддээ уриалав

Барак Обама, Билл Клинтон нар Д.Трампын эсрэг тэмцэхийг ард иргэддээ уриалав


   Барак Обама, Билл Клинтон зэрэг АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нар Д.Трампын засаг захиргааны авч хэрэгжүүлж буй цагаачлалын эсрэг арга хэмжээг эрс буруушааж, иргэдийг энэ балмад явдлын эсрэг нэгдэхийг уриалав. Тухайлбал, Барак Обама "Алекс Претигийн аллага бол зүрх шимшрэм эмгэнэлт явдал юм. Америкчууд улс төрийн намын харьяаллаас үл хамааран энэ харгис явдлыг эсэргүүцэн босох ёстой. Бидний гол үнэт зүйлс өдөр ирэх бүр зүй бус халдлагад өртөж байна" гэжээ. Улмаар “Цагаачлалын албаны агентууд оршин суугчдыг айлган сүрдүүлэх, дарамтлах, өдөөн хатгах зэрэг зүй бус үйлдлийг ямар ч хяналтгүйгээр хийж хэрэгжүүлж байгааг ард иргэд эсэргүүцэн босох нь зүй ёсны хэрэг” гэжээ. Одоогоос нэг сарын өмнө Миннеаполис хотод 37 настай эмэгтэй Рэнэ Гүүд Цагаачлалын албаныханд буудуулж амиа алдсан бол өнгөрсөн 24-ний өдөр 37 настай Алекс Прети хэмээх эр мөн буудуулж нас баржээ. Тэд АНУ-ын хууль ёсны иргэд байв. Д.Трампын засаг захиргаа дээрх хоёр хүнийг төрийн албан хаагчдын  амь насанд заналхийлсэн гэж байгаа ч гэрчүүдийн авсан видео бичлэг энэ мэдээллийг үгүйсгэж байгаа юм. Энэ явдлын улмаас Миннеаполис зэрэг томоохон хотуудад цагаачлалын бодлогын эсрэг жагсаал болж байна. Б.Клинтон Америкийн ардчилалд аюул учирч буйг сануулаад "250 жилийн настай эрх чөлөөгөө хэзээ ч алдаж болохгүй" гэжээ. Улмаар "Америкийн ардчилалд итгэдэг бид бүгд босож, дуу хоолойгоо өргөж, эрх чөлөөт иргэд гэдгээ харуулах ёстой" гэсэн байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.