Их Британи: Антарктидад ажиллах хүнд маш өндөр цалин, сайн хангамж амлаж байна

Их Британи: Антарктидад ажиллах хүнд маш өндөр цалин, сайн хангамж амлаж байна


   Их Британийн Антарктидын судалгааны газар (BAS) Өмнөд туйлын хээрийн станцад ажилчин авах зар гаргажээ. Ингэхдээ, энгийн уйтгартай амьдралаасаа холдож, Антарктидад очиж амьдралдаа ганц тохиох сонирхолтой ажил хийж үзэхийг уриалсан байна. Үүнд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн оператор, дизель генераторын техникч, цаг уурч, радио оператор зэрэг ажил багтаж байгаа бөгөөд цаашид тогооч, амьтан судлаачийн хээрийн туслах зэрэг нэмэлт ажлын байрууд зарлана гэдгээ онцолжээ. Ажилд орохыг хүсэгчид хамгийн багадаа зургаан сар, хамгийн ихдээ 18 сар ажиллана. Эхэн үедээ сард 30 мянган паундын цалин авах бөгөөд ажиллах хугацааны бүх зардал, түүний дотор байр, хоол, ирж, очих онгоцны тийз, өвлийн тусгай тоног төхөөрөмж зэргийг нэмэлтээр олгоно. Энэ нь дэлхийн хаана ч байхгүй цалин, хангамж сайтай ажил боловч ажлын нөхцөл маш хүнд, Антарктид тивд жилийн хагасаас илүү хугацаанд нар үзэхгүй бөгөөд агаарын температур зарим үед -80 хэм хүрдэг ажээ. Байнга хүчтэй цасан шуурга шуурч, хүйтэрдэг тул энд ажиллаж буй хүмүүс дор хаяж таван давхар хувцас өмсөнө. Харин энэ бүхнийг давж чадсан хүнд бол маш таатай ажил юм. Тус баазад сантехникчээр ажилладаг Дан Маккензи "Тэвчээртэй байж, шаргуу ажилладаг хүнд сайхан ажил. Би их сургууль ч төгсөөгүй жирийн нэгэн залуу. Гэхдээ энэ ажилдаа сэтгэл хангалуун байна" гэсэн бол зургаа дахь жилдээ мужаанаар ажиллаж буй Фил Кулман "Энэ бол зүгээр нэг ажлын байр биш. Энд би хангалттай сайн цалин авч, мөнгө хуримтлуулахаас гадна их зүйл сурч мэдсэн. Цаашид хаана ч очсон эндээс сурсан эрдмээрээ амьдрах болно” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.