Рапунцелийн хам шинж гэж юу вэ?

Рапунцелийн хам шинж гэж юу вэ?


   Анагаах ухааны “Cureus” сэтгүүл Саудын Арабын зургаан настай охиноор жишээ авч сэрэмжлүүлэг мэдээлэл нийтэлсэн байна. Хэвлийн хэсгээр нь байнга өвдсөнөөс охин хоол идэх дургүй болсон тул эмнэлэгт хандсан бөгөөд шинжилгээгээр ходоодонд нь бөөн үс байгааг тогтоожээ. Нарийвчилсан шинжилгээгээр үс зөвхөн ходоодонд биш, нарийн гэдсэнд нь хүртэл байгаа нь илэрсэн байна. Хүний ходоодонд их үс хуримтлагдсан тохиолдлуудын тухай тус сэтгүүл өмнө нь ч мэдээлж, сэрэмжлүүлж байжээ. Тухайлбал, 2014 онд Энэтхэгт 19 настай эмэгтэйн ходоодноос 2.4 кг үс авсан бол 2019 онд АНУ-д 18 настай эмэгтэйн гэдэснээс 4.5 кг үс гарсан тухай мэдээлж байв. Тэгвэл үсээ зулгааж залгидаг нэгэн төрлийн эмгэг байдаг бөгөөд үүнийг анагаах ухаанд "Рапунцелийн хам шинж" (Rapunzel Syndrome) гэж нэрлэдэг. Энэ нэр томьёо нь үсээ урт ургуулж, сул тавьж явдаг герман ардын үлгэрийн баатрын нэрээс гаралтай аж. Энэ эмгэг ихэвчлэн бага, өсвөр насанд тохиолддог бөгөөд хүүхэд сэтгэл санааны хямралаас болж үсээ зулгааж, улмаар залгидаг ажээ. Ийм эмгэгтэй хүмүүс үсээ зулгааж байхдаа баяр баясгалан мэдэрч, сэтгэл нь тайвширдаг аж. Ийм хүмүүсийн залгисан үс ходоодонд нь хуримтлагддаг бөгөөд мэс засал хийж авна. Гэсэн хэдий ч дахих магадлал маш өндөр байдаг тул урьдчилан сэргийлэхийн тулд мэс заслын дараах сэтгэцийн эмчилгээ, хяналт хамгаас чухал гэдгийг тус сэтгүүл онцолжээ. Эцэст нь хэвлийгээр удаан хугацаагаар өвдөх, бөөлжих, хоолны дуршилгүй болох зэрэг шинж тэмдэг ажиглагдсан тохиолдолд эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөсөн байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.