Франц: Эйфелийн цамхагт 72 эмэгтэй эрдэмтний нэрийг сийлнэ
Францын нийслэл Парис хотын захиргаа Эйфелийн цамхагт 72 эмэгтэй эрдэмтний нэрийг сийлж мөнхжүүлэхээр болж, тус цамхгийг удирдан ажиллуулдаг SETE байгууллага болон Эмэгтэйчүүд ба шинжлэх ухааны холбооны шалгаруулсан эрдэмтдийн нэрсийг хүлээн авсан байна. Жагсаалтад физик, химийн салбарын Нобелийн шагналт Мари Кюри, математикч Софи Жермэн нар багтжээ. Мөн 1712 онд төрсөн эмэгтэйчүүдийн эмч Анжелик дю Кюдрэ, өнгөрсөн жил өөд болсон физикч, математикч Ивонн Шокэ-Брюа зэрэг янз бүрийн салбарын эрдэмтдийн нэр багтсан байна. Жагсаалтыг эцэслэн гаргасны дараа 72 эмэгтэй эрдэмтний нэрийг Эйфелийн цамхгийн нэгдүгээр давхрын гадна хананд сийлэх аж. 1889 онд баригдаж дууссан уг барилгын гадна хананы дөрвөн талд 72 эрэгтэй эрдэмтний нэрийг алтан үсгээр сийлсэн байдаг. Цамхгийн зохион бүтээгч Гюстав Эйфелийн сонгосон дээрх хүмүүс 19 дүгээр зууныг хүртэл Францын шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан эрдэмтэд юм. Тэдний дунд орчин үеийн химийн эцэг гэгддэг Антуан Лавуазьэ, цахилгаан эрчим хүчний үндэс суурийг тавьсан Андрэ-Мари Ампэр, термодинамикч Николас Карно нар багтсан буй. Харин нэг ч эмэгтэй эрдэмтний нэр байгаагүй тул Эмэгтэйчүүд ба шинжлэх ухааны холбоо санаачилга гарган, оюутнууд болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор уг төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Холбооны дэд ерөнхийлөгч Изабэль Боглэн "Эмэгтэй эрдэмтдийн гавьяаг хүлээн зөвшөөрч, шинжлэх ухааны түүхэнд зохих байр суурийг нь эзлүүлэх боломж үүгээр гарч ирж байна. Энэ нь бусад салбарт ч үлгэр дуурайлал болно" гэжээ. Мөн Парис хотын дарга Анн Идальго "Удахгүй Эйфелийн цамхгийг харсан өсвөр насны охид ирээдүйд эмч, математикч, химич, биологич, физикч болохыг мөрөөдөх болно” хэмээн мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







