Хятад: Энэ жил 25 мянган татварын байцаагч шинээр ажилд авна
Хятадын засгийн газар энэ жил 25 мянга гаруй татварын байцаагч шинээр ажилд авахаар төлөвлөж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтаас болж хямралд ороод буй улсын сан хөмрөгийг бэхжүүлэх үүднээс хийж буй алхам ажээ. Улсын мөнгөний гол эх үүсвэр болох газрын борлуулалтын орлого огцом буурч байгаа тул засгийн газар цахим шууд худалдаа (Live Commerce) болон TikTok зэрэг дижитал салбарууд, мөн тэрчлэн өндөр орлоготой хүмүүсийн санхүүгийн гүйлгээнд анхаарлаа хандуулж байна. Энэ тухайд “Financial Times” сонин тус улсын Төрийн албаны мэдэгдлээс иш татан, төв болон орон нутгийн засаг захиргааны татварын хэлтэс энэ жил нийт 25,004 шинэ албан хаагч ажилд авахаар төлөвлөж байгаа тухай мэдээлжээ. Гурван шинэ ажилтан тутмын хоёр нь татвартай холбоотой албан тушаалд ажиллана. Тус улсад үл хөдлөх хөрөнгийн зах зээл 2021 оноос огцом буурч, улмаар томоохон хотуудад орон сууцны үнэ унаж, борлуулалт болон хөрөнгө оруулалтын үзүүлэлтүүд хурдацтай уруудсан байна. Мөн засгийн газар орлогын шинэ эх үүсвэр болох хурдацтай хөгжиж буй дижитал эдийн засагт анхаарлаа хандуулж байна. Өмнө нь татварын хөнгөлөлт үзүүлдэг байсан цахим худалдаанд хатуу хяналт тавьж эхэлжээ. Санхүүгийн салбарын албаны хүн тус сонинд ярихдаа “Татварын асар их ачааллыг даван туулахын тулд бидэнд зөвхөн нягтлан бодох бүртгэлийн мэдлэгтэй хүн төдийгүй хиймэл оюун ухаан зэрэг шинэ гарц хэрэгтэй байна" гэжээ. Мөн тус улсын Санхүүгийн Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Ян Жиён "Шинэ салбарууд татварын орлого бий болгож байгаа ч татварын шинэчлэлийг цаг тухайд нь хийхгүй бол үүнийг бодит орлого гэж үзэхэд хэцүү байх болно" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







