Перу улсын ерөнхийлөгч Хятадын бизнесмэнтэй нууцаар уулзсан явдалдаа уучлал гуйв

Перу улсын ерөнхийлөгч Хятадын бизнесмэнтэй нууцаар уулзсан явдалдаа уучлал гуйв


   Хятадын бизнесмэнтэй хуйвалдсан гэх хэрэгт холбогдоод буй Перу улсын ерөнхийлөгч Хосэ Хэри олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард иргэдээсээ уучлалт гуйв. Тэрбээр Хятадын бизнесмэнтэй уулзахаар ресторанд юүдэн малгайтай цамц өмсөн нүрээ халхалж орсон нь камерт бичигдсэн бөгөөд өнгөрсөн сараас хойш Хятадын иргэн Ян Жихуатай гурван удаа хувийн уулзалт хийсэн нь тодорхой болжээ. Ян овогт нь Перу улсад Хятадын бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг, мөн тус улсын Эрчим хүчний яамтай 24.4 сая долларын усан цахилгаан станц барих гэрээ байгуулсан хүн юм. Харин Х.Хэри гадаадын иргэнтэй хувийн уулзалт хийхдээ хууль бус үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд удахгүй болох Перу-Хятадын найрамдлын өдрийн арга хэмжээний талаар ярилцсан гэж мэдэгдээд "Ян Жихуа надаас ямар нэгэн туслалцаа хүсээгүй гэдгийг баттай хэлж чадна. Хэрэв зүй бус хүсэлт тавьсан бол би тэр даруй харилцаагаа таслах байсан" гэжээ. Перу улсын прокурор тэдний харилцаа хэдийнээс эхэлсэн, мөн хууль бус үйлдэл, хуйвалдаан хийсэн эсэхийг шалгаж байна. Барууны үзлийг баримталдаг Х.Хэри нь өнгөрсөн оны аравдугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Дээрх маргаан дипломат асуудал болж хувирч магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа бөгөөд Латин Америкийн төв Перу улс 2009 онд Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулснаас хойш худалдаа, хөрөнгө оруулалтын хувьд тус улсаас ихээхэн хамааралтай болсон билээ. 2015 онд Перугийн хамгийн том худалдааны түнш болж АНУ-ыг гүйцсэн Хятад улс Лимагийн нийт гадаад худалдааны 33 хувийг эзэлж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.