БНСУ: Израиль, Германы Элчин сайдын яамд амиа алдсан 6 сая еврейчүүдийн дурсгалыг хүндэтгэв
БНСУ-д суугаа Израиль, Германы Элчин сайдын яамд хамтран Холокост буюу еврейчүүдийн хядлагад өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулав. Хоёр орны Элчин сайдын яам уг арга хэмжээг арав дахь жилдээ зохион байгуулж буй юм. Сөүл хотод байрлах Ардчилсан хөдөлгөөний дурсгалын танхимд болсон ёслолын үеэр зургаан ширхэг лаа асааж "Шиндлерийн бүртгэл" киноны хөгжмийг эгшиглүүлсэн бөгөөд лаа бүр нь нэг сая хүний амийг бэлгэджээ. Арга хэмжээний үеэр хоёр улсын Элчин сайд Холокостын түүхийг мартахгүй, бас давтахгүй байх нь хамгаас чухал гэдгийг онцолсон байна. Израилийн Элчин сайд Рафаэль Харпаз "Нэгэн цагт хүн төрөлхтнийг цочирдуулсан эмгэнэлт үйл явдал улам бүр холдож байгаа мэт санагдаж болох ч давтагдах магадлал бий. Холокост бол болоод өнгөрсөн зүгээр нэг эмгэнэлт явдал биш юм” гэсэн бол Германы Элчин сайд Георг Вилфрид Шмидт Германы Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний нэр төр хамгаас эрхэм бөгөөд зөрчиж үл болно” гэсэн заалтыг иш татан "Германчууд бид Холокостын хэрэг явдалд түүхэн хариуцлага хүлээдэг. Цаашид ч энэ хариуцлагаа ухамсарласаар байх болно” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







