Словакын Ерөнхий сайд АНУ-ын Ерөнхийлөгчийг сэтгэцийн хувьд хэвийн бус гэжээ

Словакын Ерөнхий сайд АНУ-ын Ерөнхийлөгчийг сэтгэцийн хувьд хэвийн бус гэжээ


   Европын Холбооны гишүүн орны зарим удирдагч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг сэтгэцийн эрүүл мэндийн хувьд хэвийн бус гэж мэдэгдсэн тухай Америкийн “Politico” сонин мэдээлэв. Тухайлбал Словакын ерөнхий сайд Роберт Фико энэ сарын 17-ны өдөр Флорида мужийн Мар-а-Лаго эдлэнд Д.Трамптай уулзсаныхаа дараа түүнийг "сэтгэцийн хувьд хэвийн бус" гэж мэдэгджээ. Тэрбээр энэ сарын 22-ны өдөр Брюссельд болсон Европын Холбооны онцгой байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр тус холбооны удирдагчдад ийн хэлсэн байна. Европын Холбооны нэгэн дипломат ажилтан “Politico” сонинд өгсөн ярилцлагадаа "Р.Фико Д.Трампын сэтгэцэд санаа зовж байгаагаа илэрхийлж, түүнийг "аюултай" гэж тодорхойлсон" гэжээ. Тус сонин Р.Фикогийн хэлсэн үгийг эш татаад, Европын Холбооны бусад удирдагчдаас ялгаатай нь тэрбээр Д.Трамптай ойр дотно харилцаатай цөөхөн хүний нэг гэдгийг онцолсон байна. Р.Фико нь Д.Трампын бодлогыг дэмждэг, "Барууны үнэт зүйлс" гэж нэрлэгддэг либерал ардчиллыг сурталчилсан Европын Холбооны зарим бодлогыг шүүмжилдэг хүн юм. Ялангуяа Оросын талыг баримталсан Д.Трампын хандлагыг дэмжиж, Европын Комисс болон Европын томоохон орнуудын шүүмжлэлд өртөж байв. Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Анна Келли дээрх мэдээллийг үгүйсгэн “хуурамч мэдээ" гэж нэрлээд "Мар-а-Лагогийн уулзалт эерэг бөгөөд үр дүнтэй болсон" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.