Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар дээд хэмжээний уулзалт хийв

Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар дээд хэмжээний уулзалт хийв


   БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Их Британийн ерөнхий сайд Кир Стармер нар дээд хэмжээний уулзалт хийж, хоёр орны урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байгаагаа дахин нотлов. 2018 онд ерөнхий сайд байсан Тереза ​​Мэйгээс хойш Их Британийн ерөнхий сайд Хятад улсад анх удаа айлчилж байна. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр, Бээжингийн Ардын Их Хурлын танхимд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин "Сүүлийн үед Хятад, Их Британийн харилцаанд хоёр улсын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болох асуудал тулгарч буй нь үнэн. Гэвч Хятад улс Их Британитай урт хугацааны, тогтвортой, цогц стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ. Улмаар Хятад улс энх тайванч хөгжлийн замыг баримталж, өөр улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ямагт хүндэтгэлтэй хандаж ирснийг онцлов. Мөн тэрбээр боловсрол, эрүүл мэнд, санхүү, үйлчилгээний салбар, хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүчний салбарт нягт хамтран ажиллах санал тавьж, Их Британийн иргэд Хятадад визгүй нэвтрэх боломжийг авч үзнэ гэдгээ мэдэгджээ.

   Үүний хариуд К.Стармер "Их Британийн бизнес, соёлын 60 гаруй төлөөлөгчийн хамт хийж буй айлчлал маань хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, Хятадтай харилцаагаа бэхжүүлэх зорилготой" гэж мэдэгдэв. Улмаар дэлхийн тавцан дахь Хятадын үүрэг оролцоог онцлон тэмдэглээд "Санал зөрөлдөөнтэй асуудлууд дээр ч утга учиртай, ажил хэрэгч яриа хэлэлцээ хийх нь чухал. Их Британи улс Хятадтай урт хугацааны, тогтвортой, цогц стратегийн түншлэл хөгжүүлэхийг эрмэлздэг" гэжээ. Мөн Тайвань, Хонконгийн асуудлаар байр сууриа илэрхийлж “Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал нь хоёр улсын нийтлэг ашиг сонирхолд нийцдэг. Хонконг нь Их Британи, Хятадын хоорондох өвөрмөц, чухал гүүр болж байгаад би баяртай байна" гэжээ. К.Стармер тус улсад дөрвөн өдөр айлчлах бөгөөд Хятадын ерөнхий сайд Ли Цян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Жао Лежи нартай уулзсаныхаа дараа Японыг зорино.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.