АНУ-д төрсөн хүүхэд бүрд 1000 долларын тэтгэмж олгоно

АНУ-д төрсөн хүүхэд бүрд 1000 долларын тэтгэмж олгоно


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад төрсөн хүүхэд бүрд тусгай данс нээж, 1000 доллар олгох "Трампын данс" систем нэвтрүүлэх төлөвлөгөөгөө албан ёсоор баталлаа. Сангийн яаманд өчигдөр болсон арга хэмжээний үеэр Д.Трамп энэ тухай зарлахдаа "Энэхүү хөтөлбөр нь бүх хүүхдэд санхүүгийн эхлэл, америк мөрөөдлийг биелүүлэх шударга боломж болно" хэмээн хэлжээ. 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн хүүхэд бүрд данс нээж 1000 долларын тэтгэмж олгох энэ хөтөлбөрийн хүрээнд эцэг эхчүүд ирэх долоодугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тусгай вэбсайтаар дамжуулан дансаа идэвхжүүлж ашиглах боломжтой. Улмаар гэр бүл, ажил олгогч, буяны байгууллагууд, компани болон хувь хүмүүс уг дансанд нэмэлт хөрөнгө оруулалт хийж болох бөгөөд энэ орлогыг татвараас чөлөөлнө. Уг хөтөлбөр Америкийн нийгэм дэх баялгийн ялгааг бууруулахад урт хугацаанд хувь нэмэр оруулна гэдгийг Д.Трамп онцлон тэмдэглэжээ. Мөн хувийн хэвшлийн оролцоог уг хөтөлбөрийн гол элемент болгожээ. Тухайлбал “Dell Technologies компанийн үүсгэн байгуулагчид болох Майкл Делл, Сюзан Делл нар АНУ үүсгэн байгуулагдсаны 250 жилийн ойг тохиолдуулан улсад их хэмжээний хандив өргөхөөр амласан бөгөөд уг мөнгөөр хэдэн арван сая хүүхдийн дансыг санхүүжүүлнэ гэнэ. Энгийн бөгөөд ойлгомжтой энэ бодлогыг Бүгд найрамдах нам болон Ардчилсан нам санал нэгтэй дэмжжээ. Д.Трамп үйл ажиллагааг дэмжсэн улс төрийн нам болон төрийн байгууллагуудыг сайшааж "Сангийн яам болон Конгрессын хамтын ажиллагааны үр дүнд бид онцгой чухал төлөвлөгөөг баталж чадлаа” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.