Испани улс цагаачдад оршин суух, ажиллах зөвшөөрөл олгохоо зарлав

Испани улс цагаачдад оршин суух, ажиллах зөвшөөрөл олгохоо зарлав


   АНУ болон Европын томоохон орнууд цагаачлалын эсрэг бодлого баримталж байгаа энэ үед Испани улс харин ч цагаачдад хууль ёсны статус олгохоо мэдэгдэв. Өнгөрсөн 27-ны өдөр тус улсын Засгийн газар хэдэн зуун мянган хууль бус цагаачид оршин суух болон ажиллах зөвшөөрөл олгох төлөвлөгөө зарлажээ. Тухайлбал өнгөрсөн оны 12 дугаар сар хүртэл тус улсад доод тал нь таван сар амьдарсан, гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүмүүст Испанид нэг жилийн хугацаанд хууль ёсоор амьдарч, ажиллах боломж олгох аж. Оршин суух хугацааг жил бүр сунгаж болох бөгөөд арван жилийн дараа иргэншил авч болно. Тус улсын эдийн засгийн судалгааны төв 500 мянгаас нэг сая хүртэлх цагаач иргэн энэ бодлогын үр шимийг хүртэх боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Испанид аж төрж буй хууль бус цагаачдын нэлээд хэсэг нь Төв болон Өмнөд Америк, Африк тивээс гаралтай бөгөөд ихэвчлэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээний салбарт ажилладаг. Өнгөрсөн жил Европын Төв Банк "Гадаадын ажилчид Испанийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулсан. Ажиллах хүчний хомсдолыг бууруулж, үйлдвэрлэлд эергээр нөлөөлсөн” хэмээн дүгнэж байв. Цар тахлын дараах Испанийн эдийн засгийн өсөлтийн хурд нь Европын бусад орнуудаас хамаагүй тогтвортой байсан юм.

   Испанийн энэ шийдвэр нь АНУ зэрэг Барууны орнуудын бодлогоос эрс ялгаатай. АНУ-ын засаг захиргаа хууль бус цагаачдын эсрэг томоохон арга хэмжээ авч албадан гаргах ажиллагааг эхлүүлсэн. Европт Грек, Итали зэрэг орнууд хууль бус цагаачдыг баривчлан хорьж эсвэл албадан гаргаж байгаа бөгөөд Их Британи, Франц зэрэг орнууд ч ижил байр суурь илэрхийлж байна. Нөгөө талаар Испани улс аюулгүй байдлын салбарт мөн бие даасан алхам хийж байна. Өнгөрсөн оны зургаадугаар сард НАТО АНУ-ын Ерөнхийлөгч Трампын шахалтаар ДНБ-д эзлэх батлан ​​хамгаалах зардлыг 5 хувиар нэмэгдүүлэхийг уриалсан мэдэгдэл гаргах үед Испани улс эрс няцааж, Ерөнхий сайд Педро Санчес телевизээр үг хэлэхдээ "ДНБ-ий 2.1 хувь байхад хангалттай" гэж мэдэгдсэн юм. Тус улсын 2025 оны батлан ​​хамгаалах зардал ДНБ-ий 1.24 хувьтай тэнцэж байгаа нь НАТО-гийн гишүүн орнуудын дунд хамгийн бага үзүүлэлт юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.