Хойд туйлын мөс багасаж байгаа ч цагаан баавгайн тоо толгой өсчээ

Хойд туйлын мөс багасаж байгаа ч цагаан баавгайн тоо толгой өсчээ


   Уур амьсгалын өөрчлөлтөөс болж Арктикийн далайн мөс хурдацтай багасаж байгаа хэдий ч Хойд мөсөн далайн Свальбард арлын бүсэд амьдардаг цагаан баавгайнууд илүү тарган, эрүүл болж байгааг судалгаагаар тогтоожээ. Судлаачид 1992-2020 оны хооронд Норвегийн Свальбардад амьдардаг насанд хүрсэн 770 цагаан баавгайн жинг хэмжиж үзээд дээрх дүгнэлтэд хүрчээ. Далайн мөс хурдтай хайлж, багасаж байгаа нь цагаан баавгайн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө хэмээн судлаачид таамаглаж байсан ч эсрэг үр дүн гарсан нь энэ юм. Судалгааг удирдсан Норвегийн Туйлын судалгааны хүрээлэнгийн доктор Жон Арс цагаан баавгайнууд цаа буга, далайн хаваар хооллох болсноор шинэ орчиндоо хурдан дасан зохицсон байж болзошгүй хэмээн тайлбарласан байна. 1950-иад онд хэт их агнасны улмаас устаж үгүй ​​болох аюулд ороод байсан далайн хавыг хамгаалалтад авснаар тоо толгой нь мэдэгдэхүйц өссөн. Улмаар далайн хав зэрэг өөхөн тарга ихтэй амьтад цагаан баавгайн гол хүнс болсон нь дээрх үр дүнд хүргэсэн гэж үзэж байна. Мөс хайлж багассанаар далайн хав нэг газар сүргээрээ бөөгнөрөн амьдарч, энэ нь цагаан баавгайд ан хийх таатай нөхцөл болсон аж. Гэсэн хэдий ч энэ байдал урт хугацаанд тогтвортой байх магадлал багатай гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Цагаан баавгай хамгаалах олон улсын байгууллагын ахлах судлаач, доктор Жон Уайтман "Дээрх үзэгдэл нь богино хугацаанд эерэг үр дүн үзүүлж болох ч бусад судалгаагаар, далайн мөс багасах тусам нялх бамбарууш болон хөгширсөн эмэгчин баавгайн амьдрах чадварт сөргөөр нөлөөлдөг болохыг харуулсан" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.