Америкийн урлаг, соёлын алдартнууд цагаачлалын бодлогын эсрэг нэгдэж байна
Дуучин Лэди Гага Японд хийсэн тоглолтынхоо үеэр “Come to Mama” дуугаа дуулж буй нь

Америкийн урлаг, соёлын алдартнууд цагаачлалын бодлогын эсрэг нэгдэж байна


   Дэлхий даяар аялан тоглолт хийж буй поп од Лэди Гага Японд болсон тоглолтынхоо үеэр АНУ-ын Цагаачлалын албаныханд буудуулж амь насаа алдсан иргэний дурсгалыг хүндэтгэн үг хэлж, төр засгийн зүгээс явуулж буй түрэмгий бодлогыг хурцаар шүүмжилсэн байна. “USA Today” сонины мэдээлснээр тэрбээр нэлээд урт үг хэлсэн бөгөөд "Би удахгүй нутагтаа очно. Гэвч Цагаачлалын албаныхны гарт өртөж амиа алдсан хүмүүс, тэдний үр хүүхдүүдийг бодохоор зүрх шаналж байна. Бид аюулгүй, амар тайван амьдрах эрхтэй. Энэ балмад үйлдлийн эсрэг тэмцэх ёстой. АНУ-ын засаг захиргаа хүмүүсийн дуу хоолойг сонсож, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг уриалж байна” гэжээ. Үг хэлж дуусаад амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж “Come to Mama” дуугаа дуулжээ. Миннесота мужид болсон хэрэг явдлын дараа Америк даяар эсэргүүцэл өрнөж байна. “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк, ChatGPT хөгжүүлэгч “OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман болон NBA-ийн тоглогчдын холбоо шударга ёсыг шаардаж, Миннесота мужийн иргэдтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн Холливүүдийн жүжигчид, дуучид эсэргүүцлийн эгнээнд нэгдэж байна. Жүжигчин Натали Портман 2026 оны Сандэнс кино наадамд "ICE Out" гэсэн бичигтэй тэмдэг зүүж оролцсон бол дуучин Билли Эйлиш цахим хуудсаараа дамжуулан бусад алдартнуудыг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж, "Та нар яагаад дуугарахгүй байгаа юм бэ?" гэж асуусан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.