ОХУ Украин руу хийх довтолгоогоо түр зогсооно

ОХУ Украин руу хийх довтолгоогоо түр зогсооно


   АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хүсэлтийн дагуу Орос улс Украины нийслэл Киев рүү хийх довтолгоогоо түр зогсоохоор тохиролцов. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков АНУ-тай хэлэлцээр хийх таатай орчин бүрдүүлэхийн тулд Орос улс Украин руу довтлохоос татгалзах Д.Трампын хүсэлтийг хүлээн авсан гэж мэдэгджээ. Д.Трамп өмнө нь өвлийн ид хүйтэн цагт Киев зэрэг Украины томоохон хотууд руу довтлохоо зогсоохоор В.Путинтэй тохиролцсон гэж мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч ОХУ гал зогсоох хэлэлцээрийн цар хүрээг тодорхойлоогүй, тухайлбал Киевээс бусад хотуудад тохиролцоо хамаарахгүй, эрчим хүчний байгууламжаар хязгаарлагдах эсэхийг тодорхой дурдаагүй байна. Украины ерөнхийлөгч В.Зеленский "Хэрэв Орос улс манай эрчим хүчний дэд бүтцэд халдахгүй бол бид мөн хариу довтлохгүй" хэмээн мэдэгджээ. Украин, Орос улс энхийн гэрээ байгуулах хэлэлцээр хийхээр АНУ-ын зуучлалаар өнгөрсөн сарын 23, 24-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод гурван талт уулзалт хийсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.