Венесүэлийн эрх баригчид улс төрийн хоригдлуудыг суллахаа зарлав
Венесүэлийн шинэ эрх баригчид 1999 оноос хойш улс төрийн хэргээр шийтгэгдэн ял эдэлж буй хоригдлуудыг өршөөлд хамруулан суллахаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Энэ төрлийн хэрэгт ял эдэлж буй 700-800 хүн тус улсад байгаа юм. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэлси Родригэсийн мэдэгдсэнээр, тэднийг бүгдийг суллах төдийгүй нийслэл Каракас хотод 2014 онд Н.Мадурогийн байгуулсан “El Helicoide” шоронг хаах ажээ. Өршөөлийн хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд ойрын өдрүүдэд парламентаар батлуулахаа Д.Родригэс амласан байна. “El Helicoide” шоронг нийгмийн хөгжил, спортын төв болгон өөрчлөхөөр төлөвлөснөө тэрбээр мөн мэдэгджээ.
Венесүэлийн улс төрч, нийгмийн зүтгэлтэн, 2025 оны Нобелийн шагналт Мариа Корина Мачадо уг мэдэгдлийн дараа “X” хуудсандаа бичихдээ энэ алхмыг Америкийн талаас шахалт үзүүлсний үр дүн гэсэн байна. Улс төрийн зарим хоригдол шоронд 20 гаруй жил болж байгааг тэрбээр дурдаад “Дарангуй дэглэм сайн дураараа ийм зүйл хийнэ гэж байхгүй” гэжээ. Мөн Д.Родригэсийг улс төрийн өөрчлөлт хийхэд шаардагдах тогтвортой байдлыг улс орондоо бий болгох, олон түмний итгэлийг хүлээх чадваргүй хэмээн шүүмжилсэн байна.
Н.Мадурогийн өмнөх ерөнхийлөгч Уго Чавэс 2002 оны төрийн эргэлтэд оролцсон хүмүүсийг 2007 онд шоронгоос сулласнаас хойш Венесүэл улс хоригдлууддаа өршөөл үзүүлээгүй байгаа юм. Харин 2020 оны орон нутгийн сонгуулийн өмнө Н.Мадуро ялтнуудад өршөөл үзүүлэх 110 зарлиг гаргасан боловч сөрөг хүчин энэ сонгуульд оролцохоос татгалзсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







