АНУ: Цагаан арьст хосоос юуны учир хар арьст хүүхэд төрөв?
АНУ-ын иргэн, цагаан арьст залуухан гэр бүл үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхэд эмнэлгийн ажилтнуудын хайхрамжгүй байдлын улмаас хар арьст хүүхэд төрсөн явдалд шүүхэд гомдол гаргажээ. Тодруулбал эхнэр, нөхөр Тиффани Скор, Стефен Миллс нар 2020 онд Флорида мужийн Орландо хотын “IVF Life-д in vitro” эмнэлэгт үр тогтох (IVF) эмчилгээ хийлгэхээр болж, гурван үр хөврөл хөлдөөж хадгалуулсан байна. Тус эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн технологи, үргүйдлийн тусгай эмчилгээг сурталчилдаг бөгөөд ерөнхий эмч Милтон МакНикол нь энэ чиглэлээр хамгийн нэр хүндтэй мэргэжилтэн юм. Таван жилийн дараа буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хосууд хадгалсан үр хөврөлүүдийнхээ нэгийг шилжүүлэн суулгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр охин төрүүлжээ. Гэтэл цагаан арьст хосоос хар арьст хүүхэд төрсөн байна. Генетикийн шинжилгээгээр ч тэдний хүүхэд биш болохыг тогтоосон бөгөөд эмнэлгийн ажилтнууд хайхрамжгүй хандаж, өөр үр хөврөл суулгасан нь тодорхой болжээ. Өмгөөлөгчийн хэлснээр хосууд хүүхдээ өөрсдөө өсгөх бодолтой байгаа хэдий ч жинхэнэ эцэг эхтэй нь уулзуулж, хэрэв хүсвэл хуулийн дагуу төрсөн аав, ээжид нь буцааж өгөх талаар бодож байгаа аж. Мөн шүүхэд гомдол гаргаж, яаралтай арга хэмжээ авахыг хүссэн бөгөөд эмнэлэгт хандан дээрх явдлын талаар тодорхой мэдээлэл өгөх, 2020 оноос хойш тус эмнэлэгт үр хөврөл шилжүүлэн суулгах замаар төрсөн хүүхдүүдийн генетикийн шинжилгээний хариуг мэдээлэхийг шаардсан байна. Эмнэлгийн зүгээс "Бид энэ явдлын шалтгааныг тогтоохын тулд хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна" гэж мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







