Коста Рика улсыг 39 настай эмэгтэй ерөнхийлөгч удирдана
Коста Рика улсад ерөнхийлөгчийн сонгууль болж, Ард түмний бүрэн эрхийн намаас нэр дэвшигч, 39 настай Лаура Фернандес үнэмлэхүй ялалт байгуулснаар тус улсын хоёр дахь эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдов. 2010 онд Үндэсний чөлөөлөх намын нэр дэвшигч Лаура Чинчилла анхны эмэгтэй ерөнхийлөгч болж байжээ. Испани хэлээр "баян эрэг" гэсэн утгатай Коста Рика нь Латин Америкийн олон орноос ялгаатай нь урт хугацаанд дотоодын элдэв үймээн самуунаас хол, улс төрийн тогтвортой байдлыг хадгалсан, түүгээр үл барам хөрш зэргэлдээ орнуудын хоорондох мөргөлдөөнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн юм. 1948 оны иргэний дайны дараа тус улс цэргийн засаглалыг халж, энх тайванч бодлогын хүрээнд батлан хамгаалах төсвөө танаж, боловсрол, эрүүл мэндийн салбарт шилжүүлсэн байна. Улс төрийн тогтвортой байдал, байгалийн үзэсгэлэн хосолсон тус улсад зүүн болон баруун жигүүрийн улс төрийн намууд ээлжлэн төр барьсаар ирсэн бөгөөд "Латин Америкийн Швейцар" гэж нэрлэх болсон байна. Гэвч сүүлийн жилүүдэд Колумб, Венесуэл зэрэг орнуудын хар тамхины наймааны сүлжээ тус улсад сүүдрээ тусгаж, хууль бус наймаа, хүчирхийллийн гэмт хэргийн тоо огцом нэмэгдсэн байна. Тухайлбал 2023, 2024 онуудад тус улсын түүхэнд хамгийн олон хүн амины хэрэг гарчээ. Сонгуулийн өмнө Л.Фернандес улс орны аюулгүй байдалд онцгойлон анхаарч, “гэмт хэрэгтэй дайн зарлана" гэсэн уриа дэвшүүлсэн нь олны талархал хүлээж, ялалт байгуулжээ. Тэрбээр гадаад улсын харьяат гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг нэн даруй албадан гаргах, цагаачлалын хяналтыг бэхжүүлэх амлалт өгсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







