Япон: Эцэслэн шийдвэрлэсэн хэргийн алдааг дахин шүүх боломж олгоно
Япон улс 1948 онд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль батлагдсанаас хойш анх удаа эцэслэн шийдвэрлэсэн хэргийн алдааг дахин шүүх боломжийг олгохын тулд шүүхийн тогтолцооны шинэчлэлийг хийхээр болсон байна. “The Asahi Shimbun” сонины мэдээлснээр Хууль зүйн яамны харьяа Хууль тогтоомжийн хяналтын зөвлөл шүүхийн тогтолцооны шинэчлэлийн төслийг эцэслэн боловсруулаад удахгүй парламентад өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Тус улс шүүхийн тогтолцоог шинэчлэх алхам хийхэд мэргэжлийн боксчин асан, эдүгээ 88 настай Ивао Хакамадагийн хэрэг гол түлхэц болжээ. И.Хакамада нь хүн амины хэрэгт буруутгагдан 48 жилийн хорих ял эдэлсний хойно буруугүй байсан нь тогтоогдож, 2024 оны аравдугаар сард цагаадсан юм. Тэрбээр 1966 онд гарсан аллагын хэргээр яллагдаж, гэм буруугүй гэдгээ зүйл бүрээр нотлох гэж оролдсон ч түүний мэдүүлгийг үл хэрэгсэн шүүхээс цаазаар авах ял оноосон байна. Шоронд хоригдож байхдаа хэргийг нь дахин хянан үзэх хүсэлтийг хоёр удаа гаргасан бөгөөд 2014 онд шүүхээс нотлох баримтыг өөрчилсөн байх магадлалтай гэж үзэн түүний хүсэлтийг хүлээн авчээ. Улмаар 2018 онд тус улсын Дээд шүүх ДНХ-ийн шинжилгээний хариу таарахгүй байгаа зэрэг олон нөхцөл байдлыг үндэслэн цагаатгажээ. Гэвч Хууль зүйн яамны боловсруулсан шинэчилсэн байруулгын талаар эрх баригч болон сөрөг хүчний аль аль нь эсрэг саналтай байгаа тул эцэслэн батлагдах эсэх нь тодорхойгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







