Хятад: Хаягдал сим картын чипийг хайлуулан алт гаргаж авчээ
Хятадын Гуандун мужийн Хуйжоу хотын иргэн Чао гэгч эр хаягдал сим картын чипийг химийн уусмалд дэвтээж хайлуулаад алтыг нь ялгаж авсан тухайгаа цахим орчинд хуваалцжээ. Түүний нийтэлсэн видео бичлэгийг нэг өдрийн дотор 5 сая гаруй хүн үзсэн байна. Чао нийт 191 грамм алт олж авсан гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь 200 мянган юань (ойролцоогоор 39000 доллар) болох юм. Нэг сим картын чип 0.001 граммаас бага алт агуулдаг тул 190 грамм алт гаргаж авахын тулд хэдэн зуун мянган карт шаардлагатай болох бөгөөд хайлуулж цэвэршүүлэх явцад үүссэн хаягдал ойролцоогоор 2 тонн орчим болжээ. Тэрбээр алтыг зөвхөн сим картаас гадна харилцаа холбоо, электроникийн салбарын хаягдал чипээс гаргаж авсан тухайгаа ярьсан байна. Бичлэг маш хурдан тархаж, цахим орчинд түүнийг "Алхимич" гэж нэрлэх болсон бөгөөд хуучин бараа худалдааны платформ дээр хаягдал сим карт болон алт цэвэршүүлэх хэрэгслийн эрэлт эрс нэмэгдсэн байна. Харин алт цэвэршүүлэхэд ашигладаг бодис нь хортой хий ялгаруулдаг, мөн хувь хүмүүс алт олборлох нь хууль бус гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ. Хятадад алт цэвэршүүлэх, худалдаалах зэргийг хатуу зохицуулсан хуультай бөгөөд ашигласан сим картыг аюултай хог хаягдал гэж ангилдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр алт цэвэршүүлбэл 500 мянган юань хүртэл торгууль ногдуулах журамтай. Харин Чао "Миний нийтэлсэн видео бичлэг нь алхимийг сурталчлах зорилгогүй, харин электрон хог хаягдлыг мэргэшсэн хүн хууль журмын дагуу боловсруулах үйл явцыг хуваалцах зорилготой" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







