АНУ-ын тэргүүн хатагтайн тухай баримтат кино дээд амжилт тогтоов
АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын хувийн амьдралын тухай өгүүлсэн "Меланиа" баримтат кино үзэлт, борлуулалтаараа Хойд Америкт дээд амжилт тогтоож, богино хугацаанд хамгийн их орлого олжээ. Харин мэргэжлийн уран бүтээлчид уг киноны хийц, чанарыг шүүмжилж байна. Кино өнгөрсөн сарын 30-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 7 сая долларын орлого олсон бөгөөд энэ нь сүүлийн арван жилийн хугацаанд баримтат киноны төрөлд байгаагүй үзүүлэлт юм. MGM студи тус киноны эрхийг авахын тулд 40 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд маркетингийн ажилд 35 сая доллар зарцуулжээ. Киног дундаас дээш насны эмэгтэйчүүд хамгийн их үзэж байгаа аж. Зах зээлийн шинжилгээний “Franchise Entertainment Research” байгууллагын мэдээлснээр үзэгчдийн 72 хувь нь эмэгтэйчүүд, тэдгээрийн 83 хувь нь 45-аас дээш насныхан байжээ. Тэд Меланиаг ерөнхийлөгчийн эхнэр гэхээсээ илүү дунд насны эмэгтэйчүүдийн үнэт зүйлсийг агуулсан үлгэр дуурайлал гэж үзэж байна. Ерөнхийлөгч Д.Трампын нэр хүнд өдрөөс өдөрт унаж байгаа энэ цаг үед уг баримтат кино огт өөр эерэг үр дүн үзүүлж байгаа аж. Нөгөө талаар уг кино нь улс төрийн элдэв шуугиан агуулаагүй, Меланиагийн энгийн, чөлөөтэй дүрийг гаргасан нь хүмүүсийн сэтгэлд нийцэж байгаа гэнэ. Харин мэргэжлийн кино уран бүтээлчид "Ямар ч утгагүй, сурталчилгааны видео" хэмээн шүүмжилж, кинонд оруулсан 75 сая долларын хөрөнгө оруулалтыг кино бүтээхээс илүүтэй консерватив үзэгчдийг татах, Д.Трампын улс төрийн нөлөөллийг бэхжүүлэх зорилготой стратегийн хөрөнгө оруулалт гэжээ. “Washington Post” сонин "Меланиа Трампын энэ амжилт нь ирээдүйд зугаа цэнгээн болон улс төрийн маркетингийг хэрхэн нэгтгэх ёстойг харуулсан үзэгдэл” гэж тайлбарласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







