Хуйвалдааны онол юунаас үүдэлтэй вэ?
Саяхан АНУ-д цөмийн физикчид болон сансар судлал, харь гараг судлалын мэргэжилтнүүд сүүлийн хоёр жилийн хугацаанд учир битүүлгээр алагдсан, сураггүй алга болсон гэх мэдээлэл цахим орчинд тархах болжээ. Улмаар дээрх салбарын шинжлэх ухааны 10-12 эрдэмтний сэжигтэй гэх үхлийн ард Хятад болон Иран улс байгаа гэсэн хуйвалдааны онол ч яригдах болжээ. Иран улсын зүгээс олон тооны цөмийн физикчдээ алдсаны төлөө өшөө авах оролдлого байгаа бол Хятад улс өрсөлдөөний давуу талыг олж авахын тулд ийм алхам хийж буй гэх хуйвалдааны онол ч гараад иржээ. Өнгөц харахад дээрх үйл явдлууд үнэмшилтэй мэт санагдана.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр үл мэдэгдэх нисдэг биет судлаач, YouTuber Дэвид Вилкок нас барсан бол, мөн ойролцоо цаг үед “Лос Аламос” Үндэсний хүрээлэнгийн судлаач эрдэмтэн Энтони Чавес сураггүй алга болжээ. Тус хүрээлэнгийн өөр нэгэн эмэгтэй судлаач өнгөрсөн жилийн зургаадугаар сард мөн сураггүй алга болсон бөгөөд удалгүй цогцос нь олдсон байна.
Калифорнийн Технологийн Хүрээлэнгийн астрофизикч Карл Ж. Гриллер нь харь гараг судлалаар нэрд гарсан эрдэмтэн байсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд гэрийнхээ үүдэнд буудуулж амиа алджээ. АНУ-ын Агаарын цэргийн хүчний судалгааны хүрээлэнгийн (AFRL) захирал асан Уильям Нийл Маккасланд мөн өнгөрсөн хоёрдугаар сард Нью Мексико дахь гэрийнхээ ойролцоох ууланд авирч яваад сураггүй алга болсон гэнэ. Түүнчлэн, харь гаригийн амьдралын талаар голлон судалдаг нэр хүндтэй сэтгүүлч Ник Поп дөрөвдүгээр сарын 6-ны өдөр гэртээ нас баржээ.
Дээрх явдлуудыг улам дэвэргэсэн хуйвалдааны онолууд цахим орчин хурдтай тархаж байна. Гэвч дээрх хачирхалтай гэмээр тохиолдлуудыг судалж үзэхэд арай өөр дүр зураг харагдана. “New York Times” (NYT), “Wall Street Journal” сонин, CNN агентлаг зэрэг нэр хүндтэй хэвлэлүүд дээрх явдлын мөрөөр сурвалжилж, өөд бологсдын гэр бүлийнхэнтэй уулзаж, тэдний үхэл, алга болсон нөхцөл байдлын талаар судалсны үндсэн дээр дээрх хуйвалдааны онол нь үндэслэлгүй болохыг нотолжээ. Өөд болсон эрдэмтэд үхлийн тодорхой шалтгаантай байсан нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр нотлогдож байхад үүнийг хуйвалдааны онолын материал болгон ашиглаж байгаад ихэд дургүйцэж буйгаа гэр бүлийнх нь хүмүүс илэрхийлжээ. Тухайлбал харь гарагийнхантай холбоотой телевизийн нэвтрүүлгээр нэрд гарсан сэтгүүлч Д.Вилкок гэр бүлээсээ салж, улмаар сэтгэл гутрал, санхүүгийн бэрхшээлтэй тулгарснаас амиа хорлох оролдлого хийж, дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагчдын нүдэн дээр өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байна. Гэр бүлийнхэн нь "Түүний үхэлд гэмт хэргийн ямар ч холбогдол байхгүй” гэсэн бол аав нь NYT сонинд өгсөн ярилцлагадаа "Хүү минь амиа хорлосон нь цочирдом хэрэг байсан. Гэтэл үүнийг тэс өөрөөр тайлбарлаж шуугиан дэгдээж байгаа нь намайг бухимдуулж байна” гэжээ. 2023 оны долдугаар сард зүрхний өвчнөөр нас барсан НАСА-гийн тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн судлаач Майкл Дэйв Хиксийн охин нь CNN телевизэд ярилцлага өгч, хуйвалдааны онол зохиогчдоос болж сэтгэл санааны хохирогч болоод байгаагаа хэлжээ. Харь гараг судлаач, сэтгүүлч Ник Поп улаан хоолойн хорт хавдрын улмаас гэртээ өөд болсон байна. Сүүлийн мөчид дэргэд нь байсан түүний эхнэр Элизабет Вайсс "Нөхрийн минь үхлээр ашиг хонжоо хайж буй хуйвалдааны онолчид түүний бүх амьдралаа зориулсан хөдөлмөрийг гутаан доромжилж байна" гэж мэдэгджээ.
Хуйвалдааны онол, цуу яриа дэгдэхэд Цагаан ордон болон АНУ-ын Конгресс, түүнчлэн Засгийн газрын тодорхойгүй байдал хамгийн том түлхэц болсон аж. YouTuber Дэвид Вилкок амиа егүүтгэсэн өдөр Төлөөлөгчдийн танхимын хяналтын хорооны дарга Жеймс Р. Комер “Ихэд сэжигтэй” гэж мэдэгдээд түүний үхлийн талаар мөрдөн байцаалт явуулж байгааг зарласан бол Холбооны мөрдөх товчоо "Учрыг тодруулахаар ажиллаж байна" гэсэн учир битүүлэг мэдэгдэл хийсэн байна.
Америкийн Шинжлэх Ухааны Дэвшлийн Холбооны (AAAS) мэдээлснээр тус улсын шинжлэх ухааны салбарт 73.6 сая хүн ажилладаг бөгөөд ийм ажил мэргэжлийн хүмүүс бусдын адил өвдөх, эндэж осолдох, өөд болох тохиолдол байдаг гэдгийг онцолсон байна. Гэсэн хэдий ч хуйвалдааны онолчид хэвлэл мэдээллийг шүүмжилж, ноцтой хэргийг нуун дарагдуулж байна гэсэн шинэ онол гаргаад иржээ. Хуйвалдааны онол яагаад тархдаг вэ? “Санамсаргүй байдлаар нэгэн зэрэг тохиолддог үйл явдлуудыг заавал хооронд нь холбох гэж оролддог хүний төрөлх араншингаас үүдэлтэй бөгөөд хүний тархи ертөнцийн утга учрыг олохыг зөнгөөрөө оролддог, эс тэгвээс амьдрал хэтэрхий эмх замбараагүй мэт санагддаг” хэмээн NYT сонин дүгнэсэн байна. Цаашилбал, хуйвалдааны онол нь үнэнийг олохыг зорьсон хэсэг бүлэг шударга хүмүүсийн эсрэг далдын дайсан сөрөн зогсоод буй мэт сэтгэгдлийг итгэгчдэд төрүүлдэг ажээ. Мөн тэрчлэн АНУ хямралд орсон, шинжлэх ухааны алтан үе өнгөрсөн гэх мэт ойлголт, Хятад хиймэл оюун ухааны өрсөлдөөнд тэргүүлсэн, АНУ өрсөлдөх чадвар, супер гүрний статусаа алдаж байгаа гэх мэт түгшүүрээс үүдэлтэй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







