ДАШТ: Дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы багийг "сураггүй" эквадорчууд хэрхэн хожив?
Германы шигшээ баг энэ ДАШТ-ий гараагаа Кюрасаогийн багтай эхлүүлж 7:1-оор хожсон билээ. Дараа нь тэд арай хүчтэй өрсөлдөгч Зааны ясан эрэг улсын багтай учраа таарч 2:1-ээр ялсан. Улмаар өмнөх хоёрын хоёр ДАШТ-д бүтэлгүйтсэнээ давталгүй хэсгээсээ гарсан билээ. Харин Эквадорын баг эхний тоглолтдоо Зааны ясан эрэгт хожигдож (0:1), удаад нь Кюрасаогийн багтай 0:0-оор тэнцсэн юм. Өчигдөр болсон тоглолтын хоёр дахь минутад германчууд Эквадорын хаалганд нэлээн эргэлзээтэй гоол хийв. Америкийн эмэгтэй шүүгч Т.Пенсо бичлэг нөхөн үзээд энэ гоолыг тооцсоноор онооны харьцаа 1:0 болсон юм. Эквадорыг германчууд энэ чигт нь “туушиндана” хэмээн үзэгчдийн ихэнх бодсон боловч тэгсэнгүй, 9 дэх минутад онооны харьцаа 1:1 боллоо. Эквадорчууд хэд хэдэн удаа аюултай довтолгоо хийж эсрэг талаа сандаргасан бөгөөд германчууд хаалгач М.Нойэрийн ур чадварын ачаар тэссэн юм. Гэвч 77 дахь минутад Гонсало Плата герман хаалгачийг сая нэг илүүрхэж оноог 2:1 болгов. Ийнхүү FIFA-гийн чансаанд 23 дугаар бичигдэж буй Эквадорын баг Дэлхийн дөрвөн удаагийн аварга (1954, 1974, 1990, 2014) Германы багийг хожсоноор түүхэндээ хоёр дахь удаагаа хэсгээсээ гарах бололцоотой болж байна. Харин хэсгээс гарах эсэх нь нөгөөдөр буюу 28-нд шийдэгдэнэ. 2006 онд тэд мөн тухайн үеийн талбайн эзэн Германы багтай хамт хэсгээсээ гарч байсан түүхтэй. Өчигдөр Нью Жерси мужийн “MetLife” стадионд болсон тоглолтыг 80 мянган хүн үзсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







