Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён Монголын түүхийг сонирхов
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён зургаадугаар сарын 23-нд Сөүлийн Хөх ордонд гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд болон олон улсын байгууллагын төлөөллийг урьж, оройн хүлээн авалт зохион байгууллаа. Жил бүр зохион байгуулдаг уг арга хэмжээнд 112 орон, олон улсын 18 байгууллагын 160 төлөөлөгч оролцов. Хүлээн авалтад оролцсон манай Элчин сайд О.Сүхболдоос И Жэ Мён Их Монгол улс, Юань гүрний түүх, нүүдлийн соёл иргэншлийн онцлог, Монгол орны өргөн уудам тал нутаг, монгол адууны тэсвэр тэвчээрийн талаар сонирхон асуужээ. Мөн тэрбээр олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэн, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай нээлттэй, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Хүлээн авалтын үеэр Монгол улсын Элчин сайдыг Марокко, АНУ, Хятад, Чили, Япон, Шинэ Зеланд, Ватикан, Филиппин, Европын холбооны төлөөлөгчдийн хамт зочдын гол хэсэгт суулгажээ. Хөх ордноос мэдээлснийг үзвэл, гол зочдын суудалд энэ жил томоохон айлчлал, дипломат дээд хэмжээний уулзалт хийсэн улс, бүс нутгийн төлөөллийг суулгасан байна. Зочдыг солонгос барбекю, самгёбсаль, шарсан тахиа, самбап, кимчи, шар айргаар дайлсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.



