Хятадаас Монголд 1.65 сая тун шүлхийн вакцин тусламжаар нийлүүлэв
Ховд, Увс, Баян-Өлгий аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсны улмаас голомт илэрсэн сумуудад хорио цээрийн дэглэм тогтоон, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, өвчилсөн малыг устгах, мал сүргийг вакцинжуулах ажил өрнөөд байгаа билээ. Тэгвэл өвчин гарсан газар нутаг өргөн, вакцин хийх шаардлагатай малын тоо урьд өмнөхөөс олон, вакцины нөөц дутмаг байгааг харгалзан Хятадын тал манай улсад яаралтай горимоор 1.65 сая тун вакцин нийлүүлсэн байна. Тусламжийн вакцин өнөөдөр Монголд ирсэн бөгөөд дархлаажуулалтад нэн даруй хэрэглэхээр баруун аймгууд руу тээвэрлэж эхэлжээ. Одоогоор Ховд аймгийн Булган, Үенч, Алтай суманд шүлхий өвчний 13 голомт бүртгэгдэж, 168 өрхийн 1587 толгой мал өвчилсөн ба 1332 толгой малыг устгаад байна. Харин урьдчилан сэргийлэх вакцинд есөн сумын 1.3 сая толгой малыг хамруулахаар төлөвлөж, 700 мянган тун вакциныг 24-ний өдрөөс эхлэн хийж эхэлжээ. Тэгвэл Баян-Өлгий аймагт найман сумын дөрвөн сая толгой малыг вакцинд хамруулна. Вакцин хийлгэсний дараа уг малын сүү, махыг хэрэглэхэд эсрэг заалт байхгүй тул шууд хэрэглэж болох бөгөөд хийснээс хойш 21 хоногийн дараа дархлаа тогтож, шүлхий өвчнөөс зургаан сарын хугацаанд хамгаалах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.



