ХБНГУ-аас Монгол улсад суух Элчин сайд нутаг буцна
ХБНГУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Күлицийн үүрэгт ажлын хугацаа дуусгавар болжээ. Эдүгээ 66 настай тэрбээр манай улсад гурван жилийн өмнө буюу 2023 оны наймдугаар сард ирж Элчин сайд Ёорн Розэнбэргийн халааг авсан билээ. Монголд ажиллах хугацаандаа Х.Күлиц манай хөдөө орон нутаг, хот суурин газраар олон удаа явж, олон хүнтэй уулзаж танилцсанаа ЭСЯ-ны Фэйсбүүк хуудсанд өнөөдөр байрлуулсан видео мэндчилгээндээ дурдсан байна. Тэрбээр ЭСЯ-ны хашаан дахь монгол гэрээс уг мэндчилгээг дэвшүүлсэн бөгөөд “Би энэ гэрт байх маш дуртай. Нутаг руугаа аваад явмаар байгаа боловч бололцоогүй юм. Гэхдээ Берлинд очоод би энэ гэрийн дулаан уур амьсгал, мөн Монгол орныг хэзээд сэтгэлдээ тээж явах болно” гэжээ.
Х.Күлиц 1960 онд Германы Вольфсбург хотод төрсөн бөгөөд 1992 онд Бонн дахь Холбооны Гадаад хэргийн яамнаас дипломат ажлын гараагаа эхэлжээ. Улмаар Египет, Болгар, Конго улс дахь Германы дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж, 2012-2015 онд Герман улсаас Чад улсад суух Элчин сайд, 2022-2023 онд Афганистан улсад Герман улсын Хэргийг түр хамаарагчаар ажиллаж байв. Монгол улс ХБНГУ-тай 1974 онд дипломат харилцаа тогтоосон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







