Перу улс япон гаралтай эмэгтэй ерөнхийлөгчтэй болов

Перу улс япон гаралтай эмэгтэй ерөнхийлөгчтэй болов


   Перу улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Ардын хүчний намаас нэр дэвшигч Кейко Фүжимори өрсөлдөгчөөсөө 0.27 хувийн илүү санал авч ялалт байгуулав. Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр, К.Фүжимори 50.135 хувь, өрсөлдөгч "Нэгдсэн Перу" намаас нэр дэвшигч Роберто Санчес 49.865 хувийн санал авчээ. Кейко Фүжимори нь 1990 оноос эхлэн 10 жилийн турш Перу улсыг удирдаад, авлигын хэргээр албан тушаалаасаа буусан ерөнхийлөгч асан, япон гаралтай Альберто Фүжиморийн ууган охин юм. Эцэг, эх нь салсны улмаас тэрбээр 19 настайдаа улс төрийн тавцанд гарч, ээжийнхээ оронд тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэх болсон юм. Албанаасаа буусан ч улс төрд эрх мэдлээ хадгалсаар байсан аавынхаа нөлөөгөөр К.Фүжимори 2006 оны парламентын сонгуульд өрсөлдөн хамгийн өндөр санал авч сонгогдсон байна.  Улмаар 2011, 2016, 2021 онуудад гурван удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч багахан хувийн саналаар ялагдаж байжээ. Энэ удаагийн сонгуульд К.Фүжимори зах зээлд ээлтэй эдийн засгийн бодлого барьж, хөрөнгө оруулалтыг дэмжиж, хүнд суртлыг бууруулах мөрийн хөтөлбөр гаргасан нь консерватив үзэлтнүүд болон бизнесийн хүрээнийхний дэмжлэгийг авч чадсан байна. Мөн хууль бус цагаачдыг албадан гаргахын тулд хил хязгаарыг бэхжүүлэх амлалт өгчээ. Харин өрсөлдөгч нь К.Фүжиморигийн ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж, ирэх сарын 3-ны өдөр Сонгуулийн хороо ялагчийг албан ёсоор зарлахаас өмнө гомдол гаргана гэдгээ мэдэгдсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.