Европын Холбооноос нэвтрүүлсэн хил нэвтрэх EES цахим систем ямар хүндрэл үүсгэв?
Европын Холбооноос шинээр нэвтрүүлсэн Хилээр нэвтрэх EES систем нь зуны аялал жуулчлалын улирал эхлэхтэй зэрэгцэн Европын нисэх онгоцны буудлуудад ноцтой хүндрэл үүсгээд байна. Хилийн хяналт шалгалт хэт сунжирч агаарын тээврийн онгоцнууд зарим зорчигчоо суулгаж амжилгүй хөөрөх тохиолдол хүртэл гараад байгаа тухай “The Guardian” сонин мэдээлэв. Иймээс Европын нисэх онгоцны буудлуудын холбоо (ACI EUROPE), Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA), “Air France-KLM”, “Lufthansa”, “Ryanair” зэрэг байгууллагууд Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйенд хандан EES системийн хэрэгжилтийг түр хугацаагаар зогсоохыг хүссэн албан захидал илгээжээ. Уг захидалд EES систем нь зорчигчдод хүндрэл учруулаад зогсохгүй хилийн алба, нисэх онгоцны буудал, агаарын тээврийн компаниудад хүнд дарамт болж байгааг дурдаад, аялал жуулчлалын оргил үед нөхцөл байдал улам дордохоос өмнө яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолжээ.
Энэ дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн EES нь Европын Холбооны бус орны иргэдэд зориулсан цахим удирдлагын систем юм. Энэ нь паспортын мэдээлэл болон нүүрний зураг, хурууны хээ зэрэг биометрийн өгөгдлийг анх хил нэвтрэх үед нь цуглуулж, буцахад нь дахин баталгаажуулдаг ажээ. Хүндрэл үүсгээд буй хамгийн гол шалтгаан нь уг системийн хүчин чадал орчин цагаасаа хоцорсон, мэдээлэл боловсруулахдаа хэт удаан байгаа тул систем нэвтрүүлснээс хойш зорчигчид удаан хугацаагаар хүлээх, оргил ачааллын улиралд хилийн шалгалтаар нэвтрэх гэж таван цаг хүлээх тохиолдол гарч байна. Улмаар хилийн шалгалтын энэ мэт саатал нь нислэгийн үйл ажиллагаанд нөлөөлж байна. Энэ тухайд "Онгоц хөөрөх цаг болоход зорчигчид хилийн шалгалтад дугаарласаар байгаа тул нислэгүүд суудлынхаа дөнгөж тал хувийг дүүргээд, үлдсэн зорчигчдоо орхиод хөөрөх тохиолдол байна" гэж мэдэгджээ.
Харин зарим орон, нисэх онгоцны буудлууд энэ бэрхшээлээс зайсхийхийн тулд EES системийг зогсоогоод байна. Тухайлбал Грек улс Их Британийн зорчигчдод зориулсан биометрийн баталгаажуулалтын журмыг есдүгээр сар хүртэл түр зогсоосон бөгөөд Франц мөн ийм арга хэмжээ авчээ. Ромын нисэх буудлын захиргаа EES системийн хэрэглээг түр зогсооно гэдгээ мэдэгдсэн байна. Европын Комисс дээрх албан захидлыг хүлээж аваад нисэх буудлын салбарын төлөөлөгчидтэй уулзалт хийхээр болсон тухай “The Financial Times” сонин мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







