17 жилийн өмнө гарсан хүн амины хэргийг өдрийн тэмдэглэлийн тусламжтайгаар илрүүлжээ
Грект 17 жилийн өмнө Их Британийн иргэнийг хөнөөсөн хэргийн эзнийг шинэ нотлох баримтын ачаар илрүүлснээр гэмт этгээдийг шүүх хурал өчигдөр эхэллээ. “Daily Mail” сонины мэдээлснээр, Шотландын иргэн, 54 настай Жэйн Хэнлон хэмээх эмэгтэй 2009 оны гуравдугаар сард Грекийн Крит аралд очоод сураггүй алга болсон юм. Тэрбээр алга болохынхоо өмнө найзуудынхаа утсанд "Туслаарай" гэсэн мессэж илгээж амжжээ. Дөрвөн хоногийн дараа түүний цогцос Ираклион боомтоос олдсон байна. Анх түүнийг санамсар болгоомжгүйгээс усанд унаж нас барсан хэмээн дүгнэж байсан ч 2019 онд дахин хийсэн задлан шинжилгээгээр хүзүү, хавирга хугарсан, уушги цоорсон, нүүрэнд нь гэмтэл учирсан болохыг тогтоожээ. Мөн эдгээр гэмтэл нь усанд унаснаар үүсэх боломжгүй гэж үзсэн байна.
Хэргийг илрүүлэхэд Жэйн Хэнлоны хөтөлсөн өдрийн тэмдэглэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Өдрийн тэмдэглэлдээ тэрбээр өөрийн хуучин хамтрагчийн тухай бичсэн байв. 55 настай тэрхүү эрэгтэй Ж.Хэнлоныг харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзсаных нь дараа араас нь мөрдөж, гэрт нь дураараа ирдэг байсан тухай уг тэмдэглэлд бичсэн байжээ. Хэрэг гарсны дараа цагдаагийнхан уг эрэгтэйг байцаасан боловч тэрбээр Ж.Хэнлонтой уулзаагүй удсан хэмээн мэдүүлснээр сэжигтнүүдийн эгнээнээс хасагдсан байв. Өдрийн тэмдэглэл гарч ирснээр уг эрэгтэйг нэн даруй баривчилсан байна. Хэнлоны хоёр хүү үнэнийг тогтоохын төлөө олон жил хөөцөлдөж, хувийн мөрдөгч хөлслөхийн зэрэгцээ Грекийн эрх баригчдад хүсэлт тавьсаар энэ хэргийг дөрвөн удаа шалгуулжээ. Хүүгийнх нь нэг шүүх хурал дээр ээжийг нь тухайн этгээд дарамталдаг байсан талаар мэдүүлсэн байна. Шүүх эмнэлгийн шинжээч, үхэл нь дагзны хэсэгт мохоо зүйлээр хүчтэй цохисны улмаас тархины яс хугарч нас барсан болохыг нотолжээ.
Өнгөрөгч гуравдугаар сард Япон улсад эхнэрээ хөнөөж, цогцсыг нь 13 жилийн турш агуулахад торхонд хийж хадгалсан этгээдэд ял оноосон талаар хэвлэлүүд мэдээлж байв. Шүүх хурал дээр уг эр уур уцаараа барьж чаддаггүй эхнэрийнхээ байнга доромжилж, биед халддаг үйлдлийг тэсээгүй хэмээн мэдүүлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







