Ахмадуудын тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хууль нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувийн саналаар батлагдлаа. Энэ нэмэлт өөрчлөлтөөр даатгуулагч шимтгэлийнхээ нэг хувийг сайн дураар хуримтлуулах, улсаас 50 хувийн урамшуулал авах, үлдэгдлийг өв залгамжлагчид нь өвлүүлэх тэтгэврийн мөнгөн хуримтлалын тогтолцоог бүрдүүлж байна. Мөн ажил эрхэлдэг 15-24 насны суралцагчид өөрийн хүсэлтээр шимтгэлээс чөлөөлөгдөн 26 нас хүрэхээсээ өмнө нөхөн төлөх уян хатан нөхцөлийг нээж өгчээ. Хөдөлмөрийн гэрээтэй иргэн давхар ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бол давхар шимтгэл төлөхгүй байх сонголтыг мөн олгосноос гадна тав хүртэл ажилтантай ажил олгогчийн дээд тал нь гурван ажилтны шимтгэлийг 36 сар, хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэлх хугацаанд чөлөөлнө. Түүнчлэн ажил олгогчийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх үүднээс үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийг эрсдэлийн зэргээс хамаарч 0.3 хувь, 1.2 хувь, 2.2 хувь болгон тус тус бууруулж, нийгмийн даатгалд анх удаа даатгуулж буй иргэдийн тэтгэврийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 50 хувиар тооцон 24 сар хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр тусгажээ. Ингэснээр нийгмийн даатгалын тогтолцоонд шударга зарчим нэвтэрч, олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг болно. Нийгмийн даатгалын тогтолцоо гурван тулгуурт болж, ирээдүйд тэтгэвэр авах иргэдийн эрх зүйн орчин сайжирснаар, одоо тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сараас 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломж ийнхүү бүрдлээ.
Хуулийн төслийг ерөнхий сайд Н.Учрал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар санаачилж УИХ-д өргөн мэдүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







