Өмнөд Солонгос улс хагас дамжуулагч, хиймэл оюуны салбарт 576 тэрбум долларын хөрөнгө оруулахаа зарлалаа
Өмнөд Солонгос улс хагас дамжуулагч болон хиймэл оюуны салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдээ өчигдөр зарлалаа. Эдгээр салбарт тус улс ойрын жилүүдэд 576 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, салбартаа тэргүүлэгч байр сууриа бататгахыг зорьж байгаагаа ерөнхийлөгч И Жэ Мён мэдэгдсэн байна. Энэ нь хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарт байр сууриа улам бүр тэлэх бодлогоо бүс нутгийн хөгжлийн ялгааг арилгах, Сөүлээс бусад бүс нутгийн эдийн засгийг сэргээх зорилготойгоо уялдуулсан ерөнхийлөгч И Жэ Мёны эрс шийдэмгий алхам хэмээн “Reuters” агентлаг онцолжээ. Түүний мэдэгдлийг телевизээр шууд дамжуулахад хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч хоёр том компани болох "Samsung Electronics", "SK Hynix"-ийн удирдлагууд байлцсан байна. И Жэ Мён мэдэгдэлдээ "Бид хиймэл оюун ухааны суурь өгөгдлүүдийг бусад орнуудаас илүү хурдан хугацаанд эзэмших ёстой. Хагас дамжуулагч, хиймэл оюун ухаан болон хиймэл оюуны дата төвүүд нь бидний үсрэнгүй хөгжлийн гурвалсан тэнхлэг болно" хэмээн дурджээ. Түүний хэлснээр, "Samsung" болон "SK Hynix" компаниуд ханган нийлүүлэгчидтэйгээ хамтран 800 их наяд воны (517.87 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалт хийж, Өмнөд Солонгосын баруун өмнөд бүсэд чипний хоёр томоохон үйлдвэр барихаар болжээ. Тус улсын баруун өмнөд дэх Гванжу хот болон Өмнөд Жёлла муж эдгээр төсөлд 5-20 их наяд воны хөрөнгө оруулалт хийх бол Сөүлийн ойролцоох Чунчонд хагас дамжуулагч үйлдвэрлэлийн кластер байгуулахад 81 их наяд вон зарцуулах төлөвтэй байна. И Жэ Мёны хэлснээр, баруун өмнөд бүс нь эрчим хүчний хангалттай нөөцтэй тул эдгээр төвийг байрлуулахад бүрэн тохиромжтой ажээ. "Хагас дамжуулагчийн эрэлт хурдацтай өсөж байгаа энэ үед бид одоо баригдаж буй үйлдвэрлэлийн төвүүдийг хурдан дуусгах хэрэгтэй. Үүнтэй зэрэгцэн баруун өмнөд бүсийг оролцуулан их хэмжээний шинэ хөрөнгө оруулалтуудаар дамжуулан үйлдвэрлэлийн давуу хүчин чадлыг урьдчилан бүрдүүлэх ёстой. Ёнгин болон Пёнтект одоо байгаа үйлдвэрүүдийн хүчин чадал аль хэдийнэ дээд хязгаартаа хүрсэн" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Нөгөөтэйгүүр хагас дамжуулагчийн үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалтыг Сөүлээс бусад бүс нутагт төрөлжүүлэх нь дэд бүтцийн хүндрэлийг бууруулж магадгүй ч, хамгийн сүүлийн үеийн үйлдвэрүүдийг барихад асар их хэмжээний цахилгаан эрчим хүч, ус, дэвшилтэт ложистик, өргөн хүрээтэй ханган нийлүүлэлтийн сүлжээ болон өндөр ур чадвартай боловсон хүчин шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Эдгээр нөхцөл нь шинэ бүс нутагт хиймэл оюуны одоогийн эрэлтийг хангахуйц хурдацтай хөгжил ирнэ гэдэгт эргэлзээ үүсгэж байгааг “Reuters” агентлаг тэмдэглэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







