1.5 кг жинтэй цул хув олджээ
ОХУ-ын Калининград мужийн хувны үйлдвэрийн уурхайгаас 40 сая жилийн настай, 1.55 кг жинтэй аварга том цул хув олджээ. Төрийн мэдлийн “Ростех” компанийн мэдээлснээр, маш ховор төрлийн уг хувны их бие нь шаргал өнгөтэй бол гадуураа балар эртний мод, шавжны үлдэгдэл бүхий тунгалаг бүрхүүлтэй аж. Энэ жил тохиож буй Калининград мужийн 80 жилийн ойд зориулан “Юбиляр” (төрсөн өдрийн эзэн гэсэн утгатай орос үг) хэмээн нэрлэсэн уг хув хүндийн жингээрээ дэлхийд ховорт тооцогдох юм. Харин өргөнөөрөө 21, уртаараа 19 см ажээ. Хувыг үүссэн он цагаас нь шалтгаалан арав гаруй ангилдаг бөгөөд энэ олдвор нь Балтийн хувны төрөлд буюу 40-50 сая жилийн настай, харьцангуй залууд орно. Тэгвэл хамгийн урт настай Ливаны хувны үүссэн он цагийг 130 шахам сая жил гэж үздэг. Балтийн хувны төрлийн хамгийн том цул хувыг 1860 онд Польшийн Камень-Поморски хотын уурхайгаас олсон нь 9.75 кг жинтэй юм.
Калининград мужийн хувны үйлдвэр бол Оросын цорын ганц бөгөөд дэлхийн хамгийн том хувны үйлдвэр юм. Эндхийн уурхай Балтийн хувны дэлхийн нөөцийн 90 гаруй хувийг агуулдаг байна. Мөн энд дэлхийд цорын ганц дуудлага худалдаа жилдээ нэг удаа болж хув цуглуулагч, боловсруулагчид орон орноос цугладаг. Хувны үнэ дуудлага худалдаагаар анхны үнээсээ нугарч өсөх нь түгээмэл бөгөөд өнгөрсөн онд 2.1 кг жинтэй “Сувенир Балтики” цул хув 650 мянган рублиэс эхлэн дуудагдаад 1.18 сая рублиэр (ойролцоогоор 57 сая төгрөг) борлогдсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







