Вьетнам: Нийслэл хот Хо Ши Мин нэртэй болсны 50 жилийн ойг тэмдэглэв

Вьетнам: Нийслэл хот Хо Ши Мин нэртэй болсны 50 жилийн ойг тэмдэглэв


   Вьетнамын нэгдсэн засгийн газар Өмнөд Вьетнамын нийслэл байсан Сайгон хотын нэрийг албан ёсоор Хо Ши Мин болгон өөрчилснөөс хойш хагас зуун жилийн дараа буюу өчигдөр 50 жилийн ойг нь тэмдэглэлээ. Төрийн ордны өмнөх талбайд "Хо Ши Миний үзэл суртал, ёс суртахууныг ёсчлон суралцаж, дагаж мөрдье" гэсэн уриа бүхий туг далбаа намируулж, Хо Ши Миний хөрөг бүхий самбаруудыг хот даяар байрлуулсан байв. Өнгөрсөн жил хойд, өмнөд Вьетнам нэгдэж, нэгдсэн улс болсны 50 жилийн ойг улс орон даяар өргөн тэмдэглэсэн бол энэ жил нийслэл хотын нэрийг өөрчилсний ойг мөн ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Хо Ши Мин хотын 50 жилийн ойг улс орон даяар тэмдэглэх нь нэгдсэн улс орныхоо тусгаар тогтнолыг үзэлгүй 1969 онд өөд болсон их сурталч Хо Ши Миний хүсэл эрмэлзлэлийг биелүүлэх, дурсгалыг хүндэтгэх, одоогийн дэглэмийн хууль ёсны байдлыг дотоодод болон олон улсын хэмжээнд харуулах зорилготой юм.

   1975 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Сайгоны засаг нуран унасны дараа Өмнөд Вьетнамын Бүгд найрамдах улсын Түр засгийн газар байгуулагдаж, 1976 оны долдугаар сарын 2-ны өдөр Хойд болон Өмнөд Вьетнамыг нэгтгэн нэгдсэн засгийн газар байгуулснаа албан ёсоор тунхагласан юм. Хотын ойн арга хэмжээн дээр ерөнхийлөгч То Лам хэлсэн үгэндээ Хо Ши Мин хотыг хөгжлийн шинэ эрин үеийг тэргүүлэгч мега хот болгон урагшлуулах ёстой гэдгийг онцолсон байна. Вьетнамын эрх баригч Коммунист нам Францын колоничлолын үзэл, капитализмын үлдэгдлээс бүрэн ангижрах үүднээс Сайгон нэрийг хэрэглэхийг бүрэн хориглосон хэдий ч ард иргэдийн дунд уг нэр хадгалагдан үлдсэн хэвээр байна. Хотын дундуур урсдаг Сайгон нэртэй гол, галт тэрэгний Сайгон өртөө, Сайгоны нисэх онгоцны буудал зэрэг газрууд уугуул нэрээ хадгалсаар байгаа юм. Жирийн иргэд "Бид Хо Ши Мин хотод амьдардаг ч өвөг дээдэс маань Сайгонд амьдардаг байсан" хэмээн ярьдаг ажээ.

   Харин Хятадтай ойрхон, Күнзийн соёлын нөлөөнд ихээр автсан умард зүгийн Ханой хотоос ялгаатай нь Хо Ши Мин хотын бүс нутаг нь зах зээлийн нээлттэй хэрэглээнд шилжсэн, мөнгөний эргэлт хурдан байдаг гэж үздэг. Түүгээр үл барам "Хойд зүгийн (Ханой) хүмүүс 100 доллар олоод 10 доллар хэрэглэдэг бол өмнөд зүгийн (Хо Ши Мин) хүмүүс 100 доллар олоод 110 доллар хэрэглэдэг" гэсэн үг хүртэл байдаг ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.