ОХУ Японоос онгоцны түлш авах уу?

ОХУ Японоос онгоцны түлш авах уу?


   ОХУ Япон улсаас онгоцны түлш худалдан авч магадгүй байгаа талаар "Reuters" агентлаг мэдээллээ. Агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, долоодугаар сарын эхний хагаст Японы Чиба боомтоос ОХУ руу наад зах нь 200 мянган баррель онгоцны түлш ачуулахаар төлөвлөж байгаа ажээ. Мөн уг хэлцэлд хэд хэдэн борлуулагч нэгэн зэрэг оролцож байгаа гэнэ. Түлшийг эхлээд Өмнөд Солонгос руу илгээх бөгөөд үүний дараа Өмнөд Солонгосын Йосу боомтын орчимд хөлөг онгоцноос хөлөг онгоц руу (ship-to-ship) шилжүүлэн ачиж, улмаар Орос руу тээвэрлэх төлөвтэй байна. Харин түлшийг Оросын аль боомтод буулгах нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Үүнээс өмнө “Reuters” агентлаг хоёр эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, Украины дронуудын цохилтод газрын тос боловсруулах үйлдвэрүүд өртөж, түлшний хомсдол үүссэний улмаас ОХУ Энэтхэгээс шатахуун худалдан авч эхэлсэн гэсэн юм. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар, Энэтхэгээс Орос руу аль хэдийнэ 60 мянга шахам тонн бензин илгээсэн гэнэ. Мөн ОХУ Беларусь зэрэг орнуудаас сар бүр 400 мянган тонн бензин импортлохоор төлөвлөж байгаа аж. Харин Энэтхэгийн Газрын тосны сайд Сингх Пури Энэтхэгийн компаниуд Орост бензин нийлүүлж байгаа гэх мэдээллийг няцаасан байна. Гэхдээ тэрбээр зуучлагчдаар дамжуулан ОХУ-д түлш нийлүүлж байх боломжийг үгүйсгээгүй юм. Түүнчлэн С.Пури хэрэв шаардлага гарвал Энэтхэг улс Орост түлш нийлүүлэх боломжтой гэдгийг мэдэгджээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.