Никита Михалков: Кинонд хар тамхи үзүүлэхийг хориглох нь мунхаг хэрэг
“Уурга” зэрэг олон кино бүтээж нэрд гарсан Оросын найруулагч Никита Михалков “Оросын кинонд хар тамхи, тамхи таталтыг харуулахыг хориглосон хатуу хориг тогтоосон нь донтолтын асуудлыг шийдэж чадахгүй” хэмээн мэдэгджээ. Оросын Кино уран бүтээлчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга тэрбээр Ярославль хотод өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр ийн хэлсэн бөгөөд "Юу үзэж байгаа нь чухал биш, юу авч үлдэж байгаад хамаг учир бий. Хар тамхийг харуулахгүйгээр хар тамхитай тэмцэнэ гэдэг утгагүй. Киноноос хар тамхи, согтууруулах ундааг хасаж хаях нь мунхаг хэрэг" хэмээн нэмж хэлсэн байна. Мөн кинонд согтууруулах ундаа, тамхины хэрэглээг харуулахад хатуу хязгаарлалт тавьж буй бодлогыг шүүмжилж, үүнийг “Гэнэн үйлдэл” хэмээн нэрлэжээ. “Асуудлыг харуулахгүй байснаар тэр асуудлыг үгүй хийнэ гэж байхгүй. Нийгэм иймэрхүү сөрөг үзэгдлийг үгүйсгэх биш, харин байгаа гэдгийг нь ил тодоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн хэлсэн байна.
Эдүгээ 81 настай Н.Михалков 1959 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж 40 шахам кино бүтээсэн бөгөөд ОХУ-ын Төрийн шагналыг гурван удаа хүртсэн, Хөдөлмөрийн баатар цолтой, орчин үеийн Оросын хамгийн алдартай найруулагч юм. Тэрбээр Венец, Каннын кино наадмын тэргүүн шагналыг хүртэж, 1995 онд “Оскар”-ын шагналыг Гадаадын киноны төрлөөр (“Утомлённые солнцем”) авч байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







