Москвагийн уралдаанаас Монголын балетчин 33 жилийн дараа медаль хүртэв
УДБЭТ-ын балетын гоцлооч Б.Дөлгөөн. © Болдын Сэргэлэн

Москвагийн уралдаанаас Монголын балетчин 33 жилийн дараа медаль хүртэв


   ОХУ-ын нийслэл Москва хотноо дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Балетын бүжигчдийн олон улсын уралдаанд (Международный конкурс артистов балета и хореографов) Монголын балетчид амжилттай оролцлоо. 15 дахь удаагийн энэ уралдаан 10 хоног үргэлжилсэн бөгөөд 30 орны 158 уран бүтээлч өрсөлдсөнөөс УДБЭТ-ын балетын гоцлооч Б.Дөлгөөн хүрэл медаль хүртсэн бол Л.Энхжин тусгай байрын шагнал авчээ. Монголын баг уралдаанд УДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Х.Гэрэлчимэг тэргүүтэй багш, дасгалжуулагчид, балетчид нийт арван хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна. 1969 оноос хойш зохион байгуулагдсан энэ уралдаанд Монголын балетчидаас Ю.Оюун 1981 онд хүрэл медаль, О.Батсайхан тусгай байрын шагнал, 1989 онд О.Батсайхан мөн тусгай байрын шагнал хүртэж байв. Улмаар 1993 онд У.Бат-Эрдэнэ мөнгөн медаль, 2022 онд Ө.Мөнхжин тусгай байрын шагнал хүртсэн бол Монголын балетчин ийнхүү 33 жилийн дараа медалийн эзэн болж байна.

   Б.Дөлгөөн 2017 онд Хөгжим бүжгийн коллежийг дүүргэж, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн бөгөөд Монголын тайзнаа тоглож буй балетуудын ханхүүгийн дүрүүдэд голчлон тоглож иржээ.Тэрбээр Монголын балетын ноён оргил бүтээл болох Ж.Чулууны “Уран Хас” балетын Хас, А.Аданы “Жизель” балетын шинэчилсэн найруулгын Альбертийн дүрд тоглосон нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.

Л.Энхжин тусгай байрын шагнал хүртэж байгаа нь. © moscowballetcompetition.com

Балетын бүжигчдийн олон улсын 15 дугаар уралдааны постер. © moscowballetcompetition.com


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.