Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн төрийн айлчлал нөгөөдөр эхэлнэ
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн, гэргий Ким Хе Гёны хамтаар энэ сарын 9-11-ний өдрүүдэд Монгол улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал Өмнөд Солонгосын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм. Айлчлалын хүрээнд ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мюн нар албан ёсны хэлэлцээ хийж, Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно. Мөн талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаагаас гадна Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, тэргүүн хадагтай нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцох ажээ.
Сонирхуулахад, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн өнгөрсөн оны зургаадугаар сард бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнээс гурван сарын дараа Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярьж байсан юм. Энэ үеэрээ У.Хүрэлсүх хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, талуудын харилцаа стратегийн түвшинд байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус улсад төрийн айлчлал хийхийг урьж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







