И Жэ Мёны Монголд хийх айлчлалын үеэр, Хойд Солонгосоос зугтсан орчуулагчийн асуудлыг шийдвэрлэх үү?
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён маргааш манай улсад төрийн айлчлал хийнэ. Уг айлчлалтай холбогдуулан Өмнөд Солонгосын өдөр тутмын “The Korea Herald” сонины өчигдрийн дугаарт нийтлэгдсэн өгүүллийг толилуулж байна.
“БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён Монгол улсад төрийн айлчлал хийх гэж байна. Монгол дахь Өмнөд Солонгосын Элчин сайдын яамаар дамжуулан орогнол хүссэн Хойд Солонгосын орчуулагчийн хэрэг энэ үеэр шийдэгдэж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байсан боловч ийн шийдэгдэх магадлал бага байгаа бололтой. Сөүлийн талаас энэ асуудалд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан юм. Гадаад харилцааны яамны нэрээ нууцалсан албан тушаалтнаас энэ талаар мягмар гарагт тодруулахад “Уг асуудлаар тодорхой зүйл албан ёсоор хэлэх боломж байхгүй байгааг ойлгож хандана уу” хэмээв. Мөн БНСУ-ын Үндэсний нэгдлийн яамны албан тушаалтнаас утсаар лавлахад дээрх байр суурийг давтаад “Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол улсад хийх төрийн айлчлалын үеэр энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг нотлох боломжгүй" гээд “Энэ бол дипломат харилцааны эмзэг асуудал” хэмээн тодорхойлсон юм.
Ерөнхийлөгч И Жэ Мён Турк улсад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа пүрэв гарагаас бямба гарагийн хооронд Монгол улсад айлчлахаар төлөвлөөд байна. Айлчлалынхаа үеэр тэрбээр Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах бөгөөд энэ нь сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол улсад Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хийж буй анхны айлчлал болох юм.
Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, Хойд Солонгосын Нийгмийн шинжлэх ухааны академийн төлөөлөгчдийг дагалдан Монголд ирээд байсан уг орчуулагч 2025 оны наймдугаар сард Улаанбаатар дахь Өмнөд Солонгосын ЭСЯ-анд хандаж, дүрвэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэвч Монгол улстай уламжлалт найрсаг харилцаатай Хойд Солонгосын тал үүнийг эсэргүүцсэн тул Монголын талаас хийх шаардлагатай ажиллагаанууд хийгдээгүйгээс уг үйл явц гацаанд ороод байгаа талаар дипломат эх сурвалжууд мэдээллээ. Энэ хэрэг анх 2025 оны аравдугаар сард Японы “Kyodo News” агентлаг нэрээ нууцалсан дипломат эх сурвалжаас эш татан мэдээлснээр ил болсон юм. Тухайн үед уг орчуулагч Хойд Солонгосын Нийгмийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Тэ Хён Чолиор ахлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Монголд ирээд удаагүй байхдаа Улаанбаатар дахь Өмнөд Солонгосын ЭСЯ-аар дамжуулан орогнол хүссэн гэж “Kyodo News” мэдээлжээ. Агентлаг тухайн хүний албаны харьяалал, эрхэлдэг ажлыг нарийвчлан мэдээлээгүй ч Хойд Солонгос иргэдийнхээ гадаадад зорчих эрхийг хатуу хянадаг тул харьцангуй өндөр албан тушаалын хүн байх магадлалтай гэж таамагласан байна.
Ерөнхийлөгч И Жэ Мёны энэхүү айлчлал нь Хойд Солонгосын талаас Өмнөд Солонгосыг "дайсагнагч улс" хэмээн зарлаж, хоёр Солонгосын албан ёсны харилцааны сувгуудыг хааснаас хойш Сөүлийн зүгээс Пөньянтай яриа хэлэлцээгээ сэргээхийг хичээж буй үед тохиож байна. Зарим ажиглагчийн үзэж байгаагаар, Монгол улс хоёр Солонгос улстай хоёулантай нь уламжлалт найрсаг харилцаатай байдгийг ашиглан, ерөнхийлөгч И Жэ Мён Монгол улсын ерөнхийлөгчөөс хоёр Солонгосын цаашдын яриа хэлэлцээг идэвхжүүлэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг хүсэж магадгүй юм. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон Лак өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ И Жэ Мён, У.Хүрэлсүх нар Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг хангах, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх болон Хойд Солонгостой хийх яриа хэлэлцээг сэргээх боломжуудын талаар хэлэлцэх болно хэмээсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






