Монголын нутгаас 1300 жилийн настай руни бичээс олдлоо
Монгол, Хятадын археологичдын хамтарсан баг Баянхонгор аймагт хээрийн судалгаа хийх явцдаа эртний руни үсгийн шинэ дурсгал илрүүлсэн байна. "Global Times" сонины мэдээлснээр, НТ VIII зуунд хамаарах энэ дурсгал руни үсгээр бичсэн хэд хэдэн мөр бөгөөд сайн хадгалагдаж үлдсэн, зурлага нь тодорхой, уншигдахуйц ажээ. БНХАУ-ын Өвөр Монголын Их сургууль болон Монгол улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хамтарсан баг хээрийн судалгааны стандарт журмын дагуу уг дурсгалыг өндөр нягтаршилтай гэрэл зургаар баримтжуулж, зураглал гарган, бичгийг нэг бүрчлэн хуулбарлаж авсан байна. Мөн орчны бүс нутагт судалгаа хийжээ. Руни бичгийг НТ VII-X зууны үед Монголын тэгш өндөрлөгт оршин тогтнож байсан Түрэг болон Уйгурын хаант улсууд өргөн хэрэглэж байв. Үүнийг нотлох хамгийн алдартай жишээ нь 19 дүгээр зууны сүүл үед Оросын эрдэмтдийн илрүүлсэн Орхоны хөндийн бичээс юм.
Энэ удаагийн олдвор нь 1300 жилийн настай бөгөөд ийм төрлийн дурсгалууд дундаа ховорт тооцогдох төдийгүй Түрэг, Уйгурын түүх болон эртний Торгоны замыг судлахад томоохон хувь нэмэр оруулна хэмээн эрдэмтэд үзэж байна. Археологичид хэл шинжлэл, түүхийн салбарын шинжээчидтэй хамтран уг бичээсийг тайлж унших, тал бүрийн судалгаа хийх ажилд удахгүй орох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






