Оросын алдартай дуучин АНУ-д байр худалдан авчээ
Сергей Лазарев. © Лилия Шарловская / "Московский комсомолец"

Оросын алдартай дуучин АНУ-д байр худалдан авчээ


   Оросын орчин үеийн хамгийн алдартай поп дуучдын нэг Сергей Лазарев АНУ-ын Майамид үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. “Telegram” сүлжээнд “Mash” сувгийн мэдээлснээр, дуучин Майами-Бичийн эрэгт байрлах “The Floridian Condo” хэмээх тансаг зэрэглэлийн цогцолборт орон сууц худалдан авсан байна. 106.6 м/кв талбайтай уг үл хөдлөх хөрөнгийн үнэ нэг сая гаруй ам.доллар аж. Байранд усан бассейн, фитнес заал, авто зогсоол болон дарвуулт завины хувийн зогсоол байдаг ажээ. “Mash”-ийн сэтгүүлчдийн мэдээлж байгаагаар, худалдан авах хэлцлийг өнгөрөгч гуравдугаар сард хийсэн бөгөөд худалдан авалтыг С.Лазарев орос эзэнтэй үл хөдлөх хөрөнгийн агентлагаар дамжуулан бүртгүүлсэн гэнэ. Агентлаг энэхүү мэдээллийг баталгаажуулсан бол С.Лазарев болон түүний хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзжээ. Мэдээнд дурдсанаар, С.Лазарев хэдэн жилийн өмнө АНУ-д амрахаар очихдоо Майамид үл хөдлөх хөрөнгөтэй болох сонирхолтой болсон гэнэ. АНУ-д хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй Оросын дуучин Филипп Киркоров мөн Майами-Бичийн баячуудын хороололд байртай бөгөөд жилдээ 77 мянган доллар төлдөг хэмээн “Mash” бичсэн байна.

   Өдгөө 43 настай С.Лазарев “Евровидение” олон улсын уралдаанд хоёр удаа оролцож тус бүрд нь гуравдугаар байр эзэлсэн бөгөөд Оросын дуу хөгжмийн олон нэр хүндтэй шагналын эзэн юм. Тэрбээр хамтарсан болон ганцаарчилсан 30 орчим цомог гаргасны зэрэгцээ 10 гаруй уран сайхны кинонд тогложээ.    


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.