Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн гарна
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей сан хөмрөгтөө хадгалагдаж буй үнэт өвийг олон нийтэд дэлгэн үзүүлэх зорилготой “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг толилуулахад бэлэн болжээ. Музей байгуулагдсаны 60 жилийн ойд зориулж буй уг үзэсгэлэнд сан хөмрөгийн ховор нандин цуглуулгаас, олон нийтэд урьд өмнө дэлгэж байгаагүй сор бүтээлүүдийг үзүүлэх аж. Үзэсгэлэн “Монголын дүрслэх урлагийн хөгжлийн түүхэн замнал, залгамж холбоо, уран бүтээлийн үзэл санаа, хэв маягийн хувьсал, уран сайхны өвөрмөц онцлог бүхий өв уламжлалын үнэ цэнийг өнөө цагийн үзэгчдэд соёлын ой санамжаар дамжуулах хүргэхэд чиглэж байна” хэмээн танилцуулгад дурджээ. Монголын дүрслэх урлагийн түүх, соёлын өвөрмөц үзмэр цуглуулга бүхий улсын хэмжээний тэргүүлэх сан хөмрөгтэй Дүрслэх урлагийн музей нь тэдгээрийг судлах, хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлахад олон төрлийн ажил зохиож буйн нэг нь энэ юм. Онцлох цуглуулга бүхий 200 гаруй үзмэр, эд зүйлсийг дэлгэх уг үзэсгэлэн ирэх баасан гарагт нээгдэж, наймдугаар сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







