Орос, Украин улсууд олзлогдсон цэргүүдээ солилцлоо
Олзонд байсан цэрэг гэртээ ирэв. © Euronews

Орос, Украин улсууд олзлогдсон цэргүүдээ солилцлоо


   ОХУ болон Украин улс өчигдөр цэргийн олзлогдогсод солилцох ээлжит ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Хоёр талаас тус бүр 103 буюу нийт 206 цэргийн алба хаагч эх орондоо эргэн ирсэн бөгөөд уг ажиллагааг Арабын Нэгдсэн Эмират улс зуучилж, гуравдагч талын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский суллагдсан цэргүүдийн талаар мэдээлэхдээ, тэдний дотор Үндэсний гварди, Тэнгисийн цэрэг, Зэвсэгт хүчин болон Хил хамгаалах албаны дайчид байгааг онцлов. Мариуполь хот болон "Азовсталь" үйлдвэрийг хамгаалж байсан 82 цэрэг, мөн Киев, Донецк, Луганск, Запорожье муж дахь тулаанд оролцож явсан цэргүүд суллагдсаныг тэрбээр мөн мэдээлжээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, суллагдсан 103 орос цэргийн олонх нь Курск мужийн хил орчмын бүсэд болсон тулалдааны үеэр олзлогдсон байлдагчид байв.

   Суллагдсан Оросын цэргүүдийг одоогоор Беларусь улсын нутагт байрлуулж, шаардлагатай сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж үзүүлж байна. Ойрын хугацаанд тэднийг ОХУ-д аваачин, Батлан хамгаалах яамны тусгай эмнэлгүүдэд нөхөн сэргээх эмчилгээнд хамруулахаар төлөвлөжээ. Эх орондоо эргэн ирсэн украин цэргүүдийг мөн адил эмнэлгийн иж бүрэн үзлэгт хамруулж, ар гэр, ойр дотно хүмүүстэй нь уулзуулах ажиллагааг зохион байгуулж байна.

   АНЭУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр энэхүү солилцоо нь тус улсын зуучлалаар хэрэгжүүлсэн найм дахь удаагийн томоохон ажиллагаа болж байна. Барууны болон олон улсын ажиглагчид нөхцөл байдал хурцадмал байгаа үед талууд олзлогдогсдыг солилцох хэлэлцээг үргэлжлүүлж, тохиролцоонд хүрснийг онцлон тэмдэглэжээ. Украины дайн эхэлснээс хойш талууд тодорхой давтамжтайгаар олзлогдогсод солилцсоор байгаа бөгөөд энэ удаагийн солилцоо нь сүүлийн саруудад болсон хамгийн олон хүнийг хамарсан ажиллагааны нэг боллоо.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.