Их Британи: Диана гүнжийн дүү эгчийнхээ тухай жинхэнэ үнэнийг өгүүлсэн ном гаргана

Их Британи: Диана гүнжийн дүү эгчийнхээ тухай жинхэнэ үнэнийг өгүүлсэн ном гаргана


   Их Британийн Диана гүнж (1961–1997)-ийн төрсөн дүү эгчийнхээ тухай ном хэвлүүлэхээр болжээ. The Guardian сонины мэдээлснээр эдүгээ 62 настай Чарльз Спенсер эгчийнхээ бага нас, хайр дурлал болон эмгэнэлт үхлээр төгссөн ер бусын амьдралын тухай "Хунгийн дуу: Диана, миний эгч" (Swan Song: Diana, My Sister) нэртэй номоо ирэх сарын 22-ны өдөр уншигчдад хүргэхээр болсон байна. Диана гүнж нь 1981 оны долдугаар сард Их Британийн ханхүү, Чарльз (одоогийн III Чарльз хаан)-тай гэрлэж, эгэл даруухан зан, дэгжин загварлаг дүр төрхөөрөө олны хайр хүндлэл хүлээх болсон бөгөөд улмаар хааны удам угсааг залгамжлах хоёр хүү төрүүлсэн юм. Гэвч түүний хувийн амьдрал төдийлөн жаргалтай байсангүй. 1992 оноос тэдний гэр бүлийн харилцаа эрс хүйтэрсэн гэх бөгөөд 1996 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан юм. Улмаар Диана мөн оны наймдугаар сард Францын Парис хотод саятан бизнесмэн Доди Аль Файедтай хамт оройн зоог бариад лимузин машинаараа харьж явахдаа аймшигт осолд орж өөд болсон юм.   

   Түүний ганц эрэгтэй дүү, зохиолч, сэтгүүлч мэргэжилтэй Чарльз Спенсер эгчтэйгээ онцгой дотно байсан гэх бөгөөд оршуулгын ёслолын үеэр эгчийнхээ хааны гэр бүлийн гишүүн болсноосоо хойш туулсан бэрхшээлийн тухай ярьж, "Эгч минь Их Британиас бүрмөсөн явахыг хүсэж байгаагаа олон удаа хэлж байсан" гэсэн юм. Ч.Спенсер номоо хэвлүүлэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Өнгөрсөн хугацаанд үнэн баримт хэмээн нэрлэж ирсэн олон үйл явдал оргүй худал зүйл байсан. Жинхэнэ үнэнийг бичиж үлдээх ёстой гэж бодсон" гэжээ. Номын эрхлэн гаргаж буй “Penguin Random House” хэвлэлийн газрын захирал Даниел Бернярд "Энэ ном нь онц сонирхолтой түүх агуулсан, эрхэмсэг гүнж Дианад зориулсан хүндэтгэл юм" гэсэн байна. Номыг гадаадын 12 хэлээр орчуулан гаргана гэдгээ мөн онцолжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.