Казахстанд сэргээн нутагшуулж буй тахийн анхны унага төржээ
Ховор амьтныг түүхэн тархац нутагт нь буцаан авчрах олон улсын хөтөлбөрийн хүрээнд Казахстанд авчирсан тахинаас анхны унага төрсөн тухай тус улсын Байгаль орчин, байгалийн нөөцийн яам өнөөдөр мэдээллээ. Унага наймдугаар сарын 22-нд "Алтын Дала" байгалийн нөөц газрын нутаг дэвсгэрт орших "Алиби” сэргээн нутагшуулах төвд мэндэлжээ. Шинэ унага нь эр унага бөгөөд төрөөд удалгүй хөл дээрээ тогтон эхийгээ дагаж, хөхөж эхэлсэн байна. Мэргэжилтнүүд гүү, унага хоёрын биеийн байдлыг сайн хэмээн үнэлжээ.
Унаганы эх 2024 онд Берлиний хамгийн том амьтны хүрээлэн “Тирпарк”-аас Казахстанд авчирсан Тесса нэртэй долоон настай гүү юм. Энэ унага түүний анхны төл бөгөөд одоогоор гүү, унага хоёр бусад адууны хамт мэргэжилтнүүдийн байнгын хяналтад байна. Тахийн анхны төл авсан явдал нь, дээрх хөтөлбөрийн хүрээнд авчирсан амьтад Казахстаны тал хээрийн нөхцөлд амжилттай дасан зохицож буйн чухал үзүүлэлт хэмээн Байгаль орчны яам үзэж байгаа юм. Ийнхүү эрдэмтэд Казахстаны нутагт төрсөн тахийн анхны үеийн өсөлт, хөгжлийг ажиглах боломжтой болж байна.
Тахь буюу Пржевальскийн адуу нь Евразийн зэрлэг адуунаас үлдсэн сүүлчийн зүйл юм. XX зуунд энэ зүйл байгальд устаж үгүй болсон ч амьтны хүрээлэнгүүдэд үржүүлж, улмаар байгальд эргүүлэн нутагшуулах хөтөлбөрүүдийн ачаар үлдсэн билээ. Казахстанд Пржевальскийн адууг эргүүлэн нутагшуулах ажил 2024 онд эхэлж, тухайн үед Европын амьтны хүрээлэнгүүдээс анхны долоон адууг авчирсан бол 2025 онд дахин долоо, 2026 онд найман адуу авчирчээ. 2029 он хүртэл тус улсад 40 орчим адуу авчрахаар төлөвлөж байна. Хөтөлбөрийн эцсийн зорилго нь Казахстаны тал хээрт бие даан өсч үржих чадвартай, тогтвортой сүргийг бий болгох явдал бөгөөд анхны унага төрсөн нь энэ үйл явц хэдийн эхэлснийг харууллаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






