Их Британи Украинд пуужингийн технологи нийлүүлэхээр боллоо
Их Британийн ерөнхий сайд Энди Бёрнхэм Украины Тусгаар тогтнолын баярын өдрөөр буюу өчигдөр Киевт айлчилж, тус улсад алсын тусгалтай пуужингийн технологи шилжүүлэн өгөхөө амлалаа. Э.Бёрнхэм өнгөрөгч долоодугаар сард албан тушаалдаа томилогдсоноос хойшх анхны гадаад айлчлалаа Украинд хийсэн нь энэ юм. Айлчлахынхаа өмнө тэрбээр Украины нутагт "Scalp" алсын тусгалт пуужингийн үйлдвэрлэлийг яаралтай эхлүүлэх зорилгоор Их Британид үйлдвэрлэсэн эд ангиудын техникийн баримт бичгийг Киевийн талд хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдсэн бөгөөд нууцлал бүхий уг мэдээллийг Украинд шилжүүлэх зөвшөөрлийг үйлдвэрлэгч "MBDA" компанид олгохоор болсноо нотолсон байна.
Их Британид үйлдвэрлэсэн алсын тусгалтай дронуудыг Украины дайнд ашиглаж байгаа тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд идэвхтэй цацагдсаны дараа ОХУ-ын тал Лондонд хандаж, мөргөлдөөнд гүнзгий оролцож буйнх нь үр дагавар ямар болохыг анхааруулсан юм. Харин пуужингийн технологи шилжүүлэн өгөх тухай өчигдрийн мэдэгдлийн хариуд Кремль, пуужин угсрах шинэ үйлдвэрүүдийг тухай бүрд нь устгана хэмээн мэдэгджээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчдэд хандахдаа “Их Британи Киевийн дэглэмийн талд энэ дайнд оролцож, гал дээр тос нэмэн, энх тайван тогтоох үйл явцыг саатуулах арга сүвэгчилж байна” гэсэн юм. Үүний хариуд Э.Бёрнхэм “Дайныг эхлүүлсэн нь хэн билээ? Асуудлын гол нь үүнд байгаа биз дээ?" хэмээн мэдэгджээ. Тэрбээр хотын төв талбайд болсон баярын үйл ажиллагаан дээр үг хэлэхдээ Москвагийн мэдэгдлээс эмээхгүй гэдгээ цохон тэмдэглээд “Манай руу чиглэсэн Оросын заналхийллийг үл харгалзан бид Украинд зогсолтгүй тусална” гэжээ.
Их Британийн ерөнхий сайдын айлчлалын үр дүнд ийнхүү Украинд үйлдвэрлэхээр болж буй "Scalp" пуужингийн нэг бүр нь таван метр урт, 1300 кг жинтэй. Энэ нь 2023 оноос Украинд нийлүүлж буй "Storm Shadow" пуужингийн франц хувилбар юм. "Storm Shadow" пуужинг Их Британи, Франц улс хамтран зохион бүтээсэн бөгөөд тус хоёр улсаас гадна Италийн зэвсэглэлд байдаг, сүүлийн 20 жилд Ирак, Сири, Ливид ашиглагдаж иржээ. Пуужин ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд 240 км хүртэлх зайд орших байг өдөр, шөнийн ямар ч үед, цаг агаарын аливаа нөхцөлд өндөр нарийвчлалтайгаар устгах чадвартай. Пуужингийн британи хувилбарыг сөнөөгч онгоцноос харвадаг бол франц хувилбарыг хөлөг онгоц болон газрын төхөөрөмжөөс харвадаг. Украинчууд эдгээр пуужинг Зөвлөлтийн үеийн хуучин "Су-24М" бөмбөгдөгч онгоцноос харваж сурчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






