Хойд цэнхэрийн агуйгаас 74 жилийн дараа дахин зосон зураг илрүүллээ
Монгол-Америкийн хамтарсан “Алтайн археологи” төслийн баг Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Хойд цэнхэрийн агуйгаас зосон зураг шинээр илрүүлжээ. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн мэдээлснээр, долоодугаар сарын 26-наас энэ сарын 10 хүртэл хийсэн малтлагын явцад агуйн баруун урд хэсгээс эртний зосон зураг бүхий шинэ хунх илэрсэн байна. Чулуун нуранги, шувууны сангасаар дарагдсан хунх олж, амыг нээж ороход хоёр тасалгааны хана таазанд эртний 40 гаруй зосон зураг, зарим хэсэгт амьтан, шувуу,ны дүрс, “Х” үсэг шиг тэмдэглэгээ буйг тодорхойлжээ. Зосон зургуудад зөвхөн анхан шатны баримтжуулалт хийсэн бөгөөд ирэх жил агуйн хананд наалдсан сангас, тоосжилтыг цэвэрлэж бүрэн хэмжээний бүртгэл, баримтжуулалт хийхээс гадна хунхыг улам нарийвчлан судлахаар болсон байна.
Судалгааны баг тус агуйд 2022 оноос эхлэн жил бүр туршилтын малтлага хийж, агуйд амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр, түүхэн баримтуудыг илрүүлж, гүнзгийрүүлэн судалж байгаа аж. Мөн зосон зургуудын найрлага, он цагийг шинэ арга зүйгээр нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. 2025 оны малтлагаар Хойд цэнхэрийн агуйгаас 2800 орчим жилийн тэртээд хамаарах халтар арвай, улаан буудай зэрэг үр тарианы ул мөр илрүүлсэн нь Монголын бүс нутаг дахь газар тариалангийн хамгийн эртний бодит баримт хэрэглэгдэхүүн болжээ.
Хойд цэнхэрийн агуйн зосон зургуудыг анх 1952 онд газар зүйч, эрдэмтэн О.Намнандорж судалгааны эргэлтэд оруулснаас 74 жилийн дараа дахин зосон зураг илрүүлсэн нь энэ болж байна. Судалгааны багийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын Колорадогийн их сургуулийн багш, доктор В.Тэйлор нар ахлан ажиллажээ. Мөн Археологийн хүрээлэнгийн археологич, докторант Т.Түвшинжаргал, Юта их сургуулийн судлаач, доктор А.Харт, ХБНГУ-ын Макс Планкийн хүрээлэнгийн архео-ботаникч, доктор Р.Спенглер, Манхан сумын дунд сургуулийн багш Ч.Энхтөр нар хамтран ажилласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


