Казахстан: Нэгдүгээр ангийн сурагчдын 71 хувь нь эх хэлээрээ хичээллэнэ
Казахстанд энэ жил дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэхээр бүртгүүлсэн хүүхдүүдийн 71 гаруй хувь нь казах хэлээр хичээллэхээр болжээ. Мөн ирэх хичээлийн жилээс тус улсын сургуулиудад заавал үзэх шинэ хичээлүүд оруулж, сурагчдыг дүгнэх аргачлалыг өөрчилж байна. Энэ тухай өнгөрөгч баасан гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр Боловсролын сайд Жулдыз Сулейменова мэдээлэв. Яамны албан ёсны мэдээгээр, энэ жил нэгдүгээр ангид 380 мянган хүүхэд элсүүлэхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор бүртгэгдсэн сурагчдын 71.1 хувь нь казах хэлээр, 26.6 хувь нь орос хэлээр суралцах ангийг сонгосон бол үлдсэн 2.3 хувь нь бусад хэлээр хичээллэх аж. Нэгдүгээр ангийн элсэлт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
Ирэх хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт мөн өөрчлөлт орж байна. 5-7 дугаар ангийн сурагчдад “Үндсэн хуулийн үндэс”, 8-11 дүгээр ангийн сурагчдад “Хууль ба дэг журам” хичээл шинээр орно. Мөн 5-11 дүгээр ангийнхны заавал үзэх сургалтын хөтөлбөрт “Хувийн аюулгүй байдал” хичээлийг оруулжээ. Үүнээс гадна урьд нь сонгон суралцах хичээл байсан “Эрх зүйн үндэс” хичээлийг бүх сурагчдад заавал үзэх хичээл болгосон байна. Сайдын хэлснээр, шинэ хичээлүүдийн агуулгыг шинэ Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн зохиожээ. Мөн Боловсролын дэд сайд Шынар Акпаровагийн мэдээлснээр, Казахстаны ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “сургалтын төлөвлөгөөнд тусгагдсанаас бусад тохиолдолд” хичээлийн үеэр ухаалаг утас ашиглахыг хориглосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







