АНУ Терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтаас Сирийг хассанаа зарлав
Дональд Трамп Сирийн ерөнхийлөгчийг Цагаан ордонд хүлээн авав. 2025.11.10 © BBC

АНУ Терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтаас Сирийг хассанаа зарлав


   АНУ-ын Төрийн департамент Сири улсыг Терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтаас хасах шийдвэр гаргаснаа өнөөдөр албан ёсоор арлалаа. Энэ шийдвэр нь ойролцоогоор дөрвөн арван жилийн турш үргэлжилсэн дипломат болон эдийн засгийн шахалт, хориг арга хэмжээг бууруулах чухал алхам болж байна. Сири улс одоогоос 47 жилийн өмнө буюу 1979 онд Ойрх Дорнод дахь бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжиж, террорист үйл ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр уг жагсаалтад орж байжээ. Түүнээс хойш тус улсад тавьсан олон улсын болон АНУ-ын санхүү, худалдааны хязгаарлалтууд улам чангарч, Дамаск олон улсын банк санхүүгийн системээс бараг бүрэн тусгаарлагдаад байсан юм.

   Төрийн департаментын мэдээлснээр, уг шийдвэрийг гаргахдаа Сирийн одоогийн эрх баригчдын улс төрийн чиг баримжаа болон бүс нутгийн аюулгүй байдлын шинэ нөхцөл байдлыг харгалзан үзжээ. Дамаск олон улсын зэвсэгт бүлэглэлүүдтэй тогтоосон харилцаагаа тасалж, терроризмтой тэмцэх олон улсын санаачилгуудад хамтран ажиллах амлалт авсан, Ойрх Дорнод дахь мөргөлдөөнийг зогсоох, олон талт дипломат яриа хэлэлцээг ахиулах зорилгоор харилцан итгэлцлийг бэхжүүлэх алхам хийж байгааг Цагаан ордон үнэлж буйг Төрийн департамент онцлон тэмдэглэсэн байна. Олон жил үргэлжилсэн дайн ба хориг арга хэмжээний улмаас суларсан Сирийн эдийн засагт хүмүүнлэгийн тусламж, сэргээн босголтын хөрөнгө оруулалт ороход саад болж байсан санхүүгийн хоригуудыг цуцлах шаардлага үүссэнийг Төрийн дапартамент мөн дурджээ.

   Терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтаас хасагдсанаар Сири улсад олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, түүнчлэн бусад орнуудтай худалдааны харилцаагаа сэргээх боломж нээгдэж байна. Мөн олон улсын тусламжийн байгууллагууд тус улсад хүмүүнлэгийн болон дэд бүтцийг сэргээн босгох төслүүдийг санхүүгийн ямар нэгэн хориг саадгүйгээр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Гол хориг цуцлагдсан ч Сирийн хүний эрхийн нөхцөл байдал, улс төрийн шинэтгэлийн явцыг АНУ болон олон улсын хамтын нөхөрлөлийн орнууд цаашид үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж, тодорхой хязгаарлалтуудыг үе шаттайгаар цуцлахаар төлөвлөж байгаа аж. Ойрх Дорнодын геополитикийн харилцаанд томоохон эргэлт гарсныг энэ алхам харуулж байна хэмээн олон улсын хэвлэлүүд дүгнэжээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.